С.Бямбацогт: Хөгжлийн бодлогыг өөрчилсөн Засгийн газар, Сайд, Засаг дарга хариуцлага хүлээх нөхцөл үүснэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-07-08 11:29:49
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, С.Бямбацогт нарын 12 гишүүний өргөн мэдүүлсэн Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.


Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцуулав. “Нэгтгэн тайлагнах зарчим” гэж Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлтийг УИХ-д; Аймаг, нийслэл, хотын хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлтийг ИТХ-д тайлагнахдаа тус хуулийн 6.7, 6.8-д заасан баримт бичигт заасан зорилго, зорилт, хүрэх үр дүнг уялдуулан төлөвлөж, тухайн жилд хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээ нь хүрэх үр дүнгийнхээ хэдэн хувьд хүрсэн, аль эх үүсвэрээс ямар хэмжээнд санхүүжсэн талаарх мэдээллийг нэгтгэн, баталсан шалгуур үзүүлэлтийн дагуу хамтад нь тайлагнахаар зохицуулсан байна.


“Төлөвлөлтөд суурилсан төсөвлөлтийн зарчим” гэж энэ хуулийн 6.9-д заасан богино хугацааны төлөвлөлтийн баримт бичиг болох улсын болон орон нутгийн төсвийг төлөвлөхдөө 6.10.3, 6.10.4-т заасан шаардлагыг хангаж Улсын болон Аймаг, нийслэл, хотын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд суурилан боловсруулахаар зохицуулжээ.


“Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө” гэж Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн төсөл, арга хэмжээг төсөв, санхүүгийн тооцоо, эх үүсвэртэй нь уялдуулан нарийвчлан төлөвлөсөн баримт бичиг байхаар төсөлд тусгасан байна.


“Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө” гэж орон нутгийн онцлогт нийцсэн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн төсөл, арга хэмжээг төсөв санхүүгийн тооцоо, эх үүсвэртэй нь уялдуулан нарийвчлан төлөвлөсөн баримт бичиг байхаар нэмсэн гэлээ. Бусад хууль тогтоомжид заасан төрөөс баримтлах бодлого гэснийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.5, 6.7, 6.8, 6.9 дэх хэсэгт заасан хөгжлийн бодлогын баримт бичгийн төрөлд хамааруулж, үндэсний хөтөлбөр гэснийг мөн зүйлийн 6.5-д заасан Хөгжлийн зорилтот хөтөлбөрт тус тус хамааруулж ойлгохоор нэмж тусгасан гэлээ. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлахдаа тухайн цаг үед тулгамдаж байгаа зайлшгүй асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай эрсдлийн үеийн төсөл, арга хэмжээг Улсын Их Хуралд танилцуулснаар төлөвлөгөөндөө тусгаж болох хууль зүйн үндэслэлийг тусгасан болохыг төсөл санаачлагч илтгэлдээ дурдав.


Мөн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14.3-т заасан Зөвлөлийн дэргэд салбар бүрийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн өндөр мэргэшилтэй 15 гишүүний бүрэлдэхүүнтэй Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн зөвлөл ажиллах бөгөөд тус Зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах журмыг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14.3-т заасан Зөвлөл батлах нь зүйтэй хэмээн үзжээ.


УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны энэ сарын 7-ны хуралдаанаар хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлэцэхийг дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулав. 


Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ц.Даваасүрэн, Ж.Ганбаатар нар асуулт асууж хариулт авч, байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн С.Бямбацогт гишүүдийн асуултад хариулахдаа, Төрийн бодлого өнгөрсөн 30 жилд тогтворгүй явж ирснийг дурдаж, үүнийг засахаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд "хөгжлийн бодлого тогтвортой байна" гэсэн үг оруулсан хэмээн тодотгов. Тогтвортой бодлого үр дүн авчирдгийг 21 аймгийг холбосон хатуу хучилттай зам нотолсон хэмээн дурдав. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд хөгжлийн бодлогыг өөрчилсөн Засгийн газар, Сайд, Засаг дарга хариуцлага хүлээх нөхцөл үүсэхээр заасныг тэмдэглэв. 


Мөн Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн Монгол Улсын Шадар сайдаар тэргүүлүүлсэн Хөгжлийн төлөвлөлт, эдийн засгийн яамтай байх. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн Монгол Улсын Шадар сайд нь эдийн засгийн болон хөгжлийн тэргүүлэх чиглэл, салбарыг тодорхойлж, салбар, дэд бүтцийн зохистой харьцааг тогтоох асуудал; үндэсний болон бүс, орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал; макро эдийн засгийн бодлогын төлөвлөлт; хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого; гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалт, бүртгэл; салбар хоорондын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн уялдаа, нийцэл; хөнгөн, жижиг, дунд болон аж үйлдвэрийн хөгжлийн нэгдсэн бодлого, төлөвлөлт; төр-хувийн хэвшлийн түншлэлийн асуудал; өндөр технологи, үндэсний инновацийн тогтолцоог хөгжлийн бодлого, төлөвлөлтөд нэвтрүүлэх; чөлөөт бүс, хилийн боомтын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхлэхээр тусгасан гэв.


Ингээд хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн Байнгын хорооны санал дүгнэлтийг хуралдаанд оролцсон 63 гишүүний 51 нь буюу 81 хувь дэмжлээ. Ийнхүү хуулийн төслийг анхны хэлэлүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.


Мөн хуралдаанаар, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржийн өргөн мэдүүлсэн Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль болон дагалдуулсан 51 хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны энэ сарын 7-ны хуралдаанаар, дээрх хуулийн төслүүдийг нэгтгэн хэлэлцэхээр болсон байна. Хуулийн төслүүдийг нэгтгэн хэлэлцэх ажлыг багийг УИХ-ын гишүүн С.Чинзориг ахлахаар болжээ.

Холбоотой мэдээ