Буриадад хөл хориог сунгахгүй байхаар шийджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2021-07-09 16:04:27

УЛААН-ҮД. /TASS/. ОХУ-ын Буриад улсын эрх баригчид зургаадугаар сарын 27-ноос энэ сарын 11-нийг хүртэл тогтоосон хөл хориог сунгахгүй байхаар шийджээ.


"Коронавирустэй тэмцэх шуурхай штабын хурлын шийдвэрээр хэд хэдэн хязгаарлалтыг цуцлахаар боллоо. Долоодугаар сарын 12-ноос Кабан дүүргээс бусад дүүрэгт өөрийгөө тусгаарлах ерөнхий дэглэмийг цуцална" гэж бүс нутгийн Засгийн газрын хэвлэлийн алба мэдээлсэн байна.


Буриадад зургаадугаар сарын 28-наас долоодугаар сарын 4-ны хооронд өмнөх долоо хоногтой харьцуулахад өвчлөл 10 хувиар буурсан байна. "15-17 насны хүүхдүүдийн дунд энэ үзүүлэлт 25 хувиар, харин хөдөлмөрийн чадвартай хүн амын дунд өвчлөл 1.2 дахин буурсан" гэж бүс нутгийн эрүүл ахуйн ерөнхий эмч Сергей Ханхареев шуурхай штабын хуралдааны үеэр мэдээлжээ.


Хоёр долоо хоногийн хөл хорио өвчлөлийг бууруулсан боловч “халдварын нөхцөл байдал тогтворжсон гэж хэлэхэд эрт байгааг” Буриадын тэргүүн Алексей Цыденов анхааруулсан байна.


Олныг хамарсан арга хэмжээ, хүлээн авалт, диско бүжиг зохион байгуулахыг хориглох, байгууллагуудын үйл ажиллагаанд тавьсан хязгаарлалтууд, амны хаалт зүүх болон ажилтнуудынхаа 30 хувийг цахимаар ажиллуулах шаардлагыг Буриадад орон даяар долоодугаар сарын 25 хүртэл хэвээр үргэлжлүүлнэ. Түүнчлэн хүүхдийн тоглоомын газрууд, кинотеатр, театрууд хаалттай хэвээр байх бөгөөд 14-өөс доош насны хүүхдүүдэд зөвхөн насанд хүрэгчдийн хамт гадуур явахыг зөвшөөрнө.


Холбоотой мэдээ