Швейцарын Холбооны Улсаас Монгол Улсад 2.6 тэрбум төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн хэрэгсэл хандивлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын өнөөгийн эрүүл мэндийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, Швейцарын Холбооны Улс Ковид-19 цар тахлын эсрэг тэмцэхэд дэмжлэг үзүүлж 2.6 тэрбум төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн хэрэгслийг хандивлалаа. Хандивыг өнөөдөр ЭМЯ-нд хүлээлгэн өглөө.
Швейцарын Засгийн газраас хүмүүнлэгийн тусламжаар нийт 700.000
швейцар франкийн буюу 2 тэрбум төгрөгийн үнэ бүхий 40 ширхэг хүчилтөрөгчийн
аппарат, 45 ширхэг хүчилтөрөгчийн өтгөрүүлэгчийг илгээжээ. Мөн Швейцарын
хөгжлийн агентлаг 150.000 швейцар франкийн буюу хагас тэрбум төгрөгийн өртөг
бүхий дөрвөн ширхэг зөөврийн рентген аппаратыг худалдан авахад санхүүжүүлэн
хандивлаж байгаа юм.
Эдгээр эмнэлгийн тоног төхөөрөмжийг Эрүүл мэндийн яам хүлээж
авч, шаардлагатай эмнэлэгт нь хуваарлан хүргэх ажлыг зохион байгуулах бөгөөд
Монгол улс дахь Швейцарын хамтын ажиллагааны газар нь хүмүүнлэгийн зарчмын
дагуу шударга, ил тод, хэрэгцээтэй газарт нь хуваарилах чиглэлээр яамны
удирдлагуудтай нягт холбоотой ажиллаж байна. Энэхүү тоног төхөөрөмжийг голчлон
хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдэд ашиглуулахад онцгой анхаарал хандуулж байна.
Монгол Улс руу илгээгдэж буй ачаа нь сүүлийн хэдэн долоо
хоногийн хугацаанд Ази тиврүү илгээж буй Швейцарын Засгийн газрын хүмүүнлэгийн
тусламжийн дөрөв дэх ачаа юм. Өмнө нь Энэтхэгт 13 тонн, Непалд 30 тонн, Шри
Ланкад 16 тонн тусламжийн барааг тус тус илгээжээ.
Монгол дахь ШХА нь хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал, мэргэжлийн боловсрол, сургалт, засаглал зэрэг хэд хэдэн чиглэлээр үйл ажиллагаагаа идэвхтэй явуулдаг. ШХА нь хөдөө аж ахуйн салбар дахь Монгол төмсний хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлж, Монгол Улс төмсний үйлдвэрлэлээр өөрөө өөрийгөө бие даан хангах чадвартай болоход нь дэмжлэг үзүүлсэн гэдгээрээ алдартай.
Мөн түүнчлэн Швейцарын Холбооны Улс хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг нягт уялдуулахад онцгой анхаарал хандуулж мэргэжлийн сургалтын хөгжлийг дэмжсээр ирсэн. Засаглалын салбарт Швейцарын Холбооны Улс төрийн захиргааны үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор нэг цэгийн үйлчилгээний сүлжээг хөгжүүлэх ажлыг амжилттай нэвтрүүлсэн билээ.