АНУ-ын цэргүүдийг Афганистанаас татах ажиллагаа дуусаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-07-14 09:43:12

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын цэргүүдийг Афганистанаас татах ажиллагааны 95 гаруй хувийг гүйцэтгээд байгаа тухай тус улсын Зэвсэгт хүчний Төв командлал (СЕНТКОМ) мягмар гарагт мэдэгджээ.   


“Цэргээ татах ажиллагаа үргэлжилж байна. Төв командлалын тооцоолсноор бид цэргээ татах ажлын 95 гаруй хувийг гүйцэтгэсэн” гэж мэдээлэлд дурдсан байна. Афганистанаас цэргээ гаргах ажиллагаа "90 гаруй хувьтай явагдаж байна" гэж Төв командлал долоодугаар сарын 6-нд мэдээлж байв.


АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден цэргээ татах шийдвэр гаргаснаас хойш Пентагон цэргийн тээврийн “C-17” нисэх онгоцуудаар цэргийн ачаа тээвэрлэх 984 орчим нислэгийг гүйцэтгэсэн гэж хэвлэлийн мэдээнд тэмдэглэжээ. Үүнээс гадна, 17 мянга гаруй цэргийн техник хэрэгслийг устгуулахаар Батлан ​​хамгаалах яамны материал-техникийн хангамжийн газарт шилжүүлэн өгсөн байна. Түүнчлэн АНУ долоон байгууламжийг Афганистаны Батлан ​​хамгаалах яаманд албан ёсоор хүлээлгэн өгчээ.


АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Афганистан дахь ажиллагааг зогсоох шийдвэр гаргаснаа дөрөвдүгээр сарын 14-нд мэдэгдсэн билээ. АНУ-ын түүхэн дэх хамгийн удаан үргэлжилсэн энэхүү цэргийн ажиллагааг тус улс 2001 оны 10 дугаар сард эхлүүлсэн юм. Афганистан дахь цэргийн ажиллагаа 2021 оны наймдугаар сарын 31-нд дуусна гэж Байден өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн байна.

Холбоотой мэдээ