Соёлын өвийн үндэсний төвийн ажилтнууд Говьсүмбэрт ажиллажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2021-07-18 13:41:54

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Соёлын өвийн үндэсний төвийн Соёлын биет өвийг сэргээн засварлах газрын дарга М.Оюунтулга ,тус газрын сэргээн засварлагч, судлаач Э.Батжаргал нар энэ оны зургаадугаар сарын 30-наас 7 дугаар сарын 1-ний хооронд  Говьсүмбэр аймагт ажиллажээ.

Соёлын өвийн ажилтнууд хүний буруутай үйл ажиллагаанаас үүдсэн санаатай болон сүсэг бишрэлийн улмаас бохирдуулан гэмтээж байгаа нөхцөл байдалтай танилцан, санаатайгаар будсан дурсгал болох "Цагаан дарь эх" бурхны өнгө будаг дээр “Oxford x-met 7500” гар багаж ашиглан элементийн найрлагыг тогтоох, будгийн гарал үүслийг олох судалгаа хийсэн байна.

Судалгаанаас үзэхэд Орос Улсад үйлдвэрлэсэн, Krasava, ENAMEL, ЯРКО, Хятад Улсын SHANGHUI үйлдвэрийн “Хос гялбаа” нэртэй барилгын зориулалттай тосон будгуудтай химийн элемент нь төстөй гарч байгааг тодорхойлсон аж.

Цагаан дарь эх дурсгалыг будсан будаг нь барилгын зориулалттай тосон будаг төдийгүй одоогоос 4-5 жилийн өмнө орчин үеийн будаг ашиглан будсан байгаа нь хуучин дүрсийн хэлбэр агуулгыг алдагдуулан уг дурсгалын үнэ цэнийг маш их бууруулжээ. Мөн орчин үеийн цахилгаан багаж ашиглан бурхны дүрсийг илүү тод гаргахаар зүсэж зорсон байгаа нь соёлын өвийн дурсгалт зүйлд хорлон сүйтгэх үйл ажиллагаа болсон гэж албаныхан дүгнэжээ.

1820 оны үед бүтээсэн эл бурхны хөргийн өндөр нь 240 см бөгөөд Чойр дацангийн гол хаалга чиглүүлэн нэгэн бурханч ламаар бүтээлгэжээ. Цагаан дарь эхийг шүтвэл элдэв аюулт зовлон, өвчин зэтгэрийг арилгаж, аз жаргал, нас буян арвиждаг хэмээн үздэг.

Холбоотой мэдээ