Умард Солонгос этгээд, бүдүүлэг үг хэллэг хэрэглэхгүй байхыг залуу үеийнхэнд анхааруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2021-07-19 10:33:08

ЛОНДОН. /BBC/. БНСУ-д хэрэглэгддэг этгээд бүдүүлэг үг хэллэгийг ашиглахгүй байж, Умард Солонгосын стандарт хэлээр ярихыг БНАСАУ-ын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд залуучууддаа уриалжээ.


Түүнчлэн Өмнөд Солонгосын залуусын дунд дэлгэрсэн загвар, үс засалт, дуу хөгжмийг нэвтрүүлэхгүй байхыг анхааруулсан байна.


Ийнхүү анхааруулсан нь хатуу шийтгэл оногдуулах замаар аливаа гадны нөлөөллийг үндсээр нь арилгахыг зорьсон шинэ хуулийн нэг хэсэг аж.


Хууль зөрчсөн этгээдүүдийг шоронд хорих, цаазын ял ч оноож болзошгүй юм.


Тухайлбал, БНАСАУ-ын “Rodong Sinmun” сонинд Өмнөд Солонгосын поп урлагийг хөөснөөр үүсэж болзошгүй аюул нь хэдэн мянган жилээр үргэлжилнэ гэдгийг залуу үеийнхэндээ сануулахдаа “өнгө мөнгөний үзэл суртал, соёлыг нэвтрүүлэх нь зэвсэг барьсан дайснаас илүү аюултай” гэжээ.


Пёньян аялгад тулгуурласан эрхэм дээд Солонгос хэлийг залуучууд зөвөөр хэрэглэх ёстойг мөн нийтлэд онцлон тэмдэглэсэн байна. 


БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун “K-pop” урлагийг Умард Солонгосын залуусын зан аашийг эвдэх “хорт хавдар” гэж нэрлэсэн тухай “New York Times” сонин өмнө нь мэдээлжээ. 


Өмнөд Солонгос, АНУ, Японы хэвлэл, бүтээлийг их хэмжээгээр хадгалсан хүнд БНАСАУ-д цаазын ял оноодог бол эдгээрийг үзэж, хэрэглэж байхдаа баригдсан хүнд 15 жилийн хорих ял оноодог байна.


Ийм эрсдэлтэй байдаг ч БНАСАУ-д гадны нөлөө нэвчсээр буй бөгөөд хориотой бүтээлүүдийг авчирдаг маш нарийн зохион байгуулалттай сүлжээ үйл ажиллагаагаа явуулдаг аж. 

Холбоотой мэдээ