УИХ-ын дарга Г.Занданшатар МОНЦАМЭ агентлагийн 100 жилийн ойд мэндчилгээ дэвшүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн 100 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар мэндчилгээ дэвшүүллээ. Мэндчилгээг бүрэн эхээр нь хүргэж байна.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ
МОНЦАМЭ агентлагийн 100 жилийн ойд
Улбаанбаатар хот
2021.07.19
“Дэлхийг Монголд...Монголыг дэлхийд...” таниулан сурталчлах уриатай Монголын Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн нэгэн зууны түүхэн ойг тохиолдуулан тус агентлагийн бүтээлч хамт олон, үе үеийн ажилтнуудад чин сэтгэлийн халуун баяр хүргэж мэндчилье!
Монголын сэхээтнүүдийн сор болсон сэтгүүлч, орчуулагч, уран бүтээлчид гар нийлэн ажилладаг мэдээллийн МОНЦАМЭ агентлаг нь улс орныхоо түүхийн он дарааллын бичгийг туурвин бүтээх, дэлхийтэй Монголоо мэдээллээр хангах гүүр нь болсоор ирснийг 100 жилийн ойн энэ өдөр бахархан тэмдэглэхэд таатай байна.
Монголын Цахилгаан Мэдээний Агентлаг буюу МОНТА /Монгольское телеграфное агентство/ нэрээр 1921 оны 3 дугаар сарын 18-нд Монгол Улсын тусгаар тогтнолын төлөөх тэмцэл эхэлж, Алтанбулагийг харийн булаан эзлэгчдээс чөлөөлсөн тухай “Монголчуудын бослого” нэртэй анхны мэдээгээ дэлхийн сонорт хүргэж байсан тэрхүү түүхэн үйл явдал нь өдгөөгийн МОНЦАМЭ агентлагийн үйл ажиллагааны эхлэл болсныг шинэ зууны түүх гэрчилдэг.
МОНЦАМЭ агентлаг, түүний бүтээлч хамт олон өдгөө Монголын төр, засаг, яам агентлагууд, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийг дотоодын шуурхай мэдээлэл болон олон улсын үйл явдлын мэдээ мэдээлэл, түүх соёлоо дэлхий ертөнцөд мэдээлэх, таниулах, сурталчлах үндсэн чиг үүргээ нэр төртэй биелүүлж, мэдээллийнхээ чанар чансааг дээшлүүлэх, шинэ технологи, арга барил эзэмших, дэлхийн мэдээллийн агентлагуудтай эн зэрэгцэж, хөл нийлүүлэн урагшлах чиглэлээр чин сэтгэл, тууштай зүтгэлийг эрхэм болгон ажиллаж байгааг сайшаан тэмдэглэж байна.
Хүн төрөлхтөний соёл иргэншлийн түүхэнд Монголоор нэрлэгдсэн хувь нэмэр оруулж, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн хүмүүнлэг ардчилсан нийгмийг цогцлоон байгуулж буй монгол түмнийхээ он цагийн шаштир түүхийг туурвин, дэлхий нийтэд түгээн сурталчлахад мэдээллийн МОНЦАМЭ агентлаг цаашид ч онцгой чухал үүрэг гүйцэтгэсээр байх нь дамжиггүй.
Монгол Улсын шинэхэн түүхийн эхний алхамтай хамт үйл ажиллагаагаа эхэлсэн мэдээллийн МОНЦАМЭ агентлаг шинэ эринд төр түмэндээ болон дэлхий дахинд үнэн бодит, шуурхай мэдээлэл түгээж, үндэсний өв соёлоо сурталчлах таниулах нэр төртэй ажил үүргээ цахим техникийн хурдаар буухиалан гүйцэтгэж, дотоод, гадаадын хэрэглэгчдийн бат найдвартай түнш байх болно гэдэгт итгэл дүүрэн байна.
Та бүхний бодит, шуурхай мэдээлэл, хариуцлагатай, ёс зүйтэй сэтгүүл зүйн үлгэр жишээ болсон үйл ажиллагааг Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурал ямагт дэмжиж ажиллах болно.
Мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн хамт олны Монгол хэмээх нэрийг мэдээллийн урсгалаар дамжуулан дэлхийд дуурьсгах эрхэм хүндтэй, нэр төртэй үйл хэрэгт амжилт хүсэж, үгийн шидээр үйлсийн сайныг бүтээх үзгэн хөлөг тань шандастай байхын ерөөл өргөн дэвшүүлье.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
