Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МОНЦАМЭ агентлагийн 100 жилийн ойд мэндчилгээ дэвшүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-07-19 18:00:24
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Үндэсний МОНЦАМЭ агентлагийн 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүллээ. 


1921 оны гуравдугаар сарын 19-нд “Монголчуудын бослого” гарчигтай мэдээ хилийн чанадад “МОНТА” гэсэн эх сурвалжтайгаар анх цацагдсанаар МОНЦАМЭ агентлаг байгуулагдах эхлэл тавигдсан. Монголчууд эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж, боссон тухай өгүүлэх энэхүү товч мэдээ МОНЦАМЭ агентлагийн төдийгүй манай орны гадаадад мэдээлсэн анхны хэвлэлийн мэдээ болж, тухайн сарынхаа 30-нд ЗХУ-ын "Правда" сонины 68 дахь дугаарт хэвлэгдсэн түүхтэй. Улмаар 1921 оны долоодугаар сарын 19-нд Засгийн газрын зургаадугаар хурлаар Дотоод хэргийн яамны харьяанд “Шуудан бичиг, цахилгаан мэдээний ерөнхий хороо”-г албан ёсоор байгуулсан нь өнөөгийн МОНЦАМЭ агентлаг төдийгүй, Монголын хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарт шинэ хуудас болсон юм. Энэ үеэс хойш МОНЦАМЭ агентлаг Монголыг олон улсад сурталчлах үүргээ нэг зууны турш амжилттай биелүүлсэн юм. Өнөөдрийн байдлаар, орос, хятад, япон, англи хэлээр болон босоо монгол бичгээрээ долоо хоног тутмын сонин гаргахаас гадна таван хэлээрх өдөр тутмын мэдээллийн “www.montsame.mn” цахим хуудсыг ажиллуулж байгаа нь Монголдоо анхдагч юм. Мөн улирал тутмын “Mongolia Today” сэтгүүлийг эрхлэн гаргахаас гадна англи, орос хэлээр " МОНЦАМЭ Daily news", "МОНЦАМЭ новости" товхимолоо уншигчдын гарт хүргэж байна. 


МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭ

Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн хамт олонд


Монгол Улсынхаа шинэ үеийн түүхийн гал голомтыг бадраасан Ардын Хувьсгалтай нас чацуу Үндэсний Мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн хамт олонд 100 жилийнх нь ойг тохиолдуулан баярын мэндчилгээ дэвшүүлье!


  Та бүхний энэхүү баяр монголчууд бид төрт ёс, түүхэн уламжлалынхаа их  ойнуудыг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж, орчин цагийн шинэ Монгол Улсыг тунхагласны 100 жилийн ойтой хамт энэ өдрүүдэд тохиож буйг тэмдэглэн хэлэхэд таатай байна. 


Зуун жилд нэг улсад ганцхан удаа тохиох энэхүү ховорхон боломжийг бодит үйл хэрэг болгон хэрэгжүүлж, улс үндэснийхээ гайхамшигт түүх соёл, уламжлал, ардчилсан шинэ Монгол орны хөгжил дэвшлийг дэлхийн дахинд таниулан сурталчилахад танай байгууллага төр, түмнийхээ нэгэн адил ажил хөдөлмөр, хичээл зүтгэлээрээ бодитой хувь нэмэр оруулсныг цохон тэмдэглэж хэлье.


Улс эх орон хийгээд дэлхий дахинд болж буй үйл явдлыг үнэн бодитой, түргэн шуурхай мэдээлээд зогсохгүй ул суурьтай мэдлэг түгээн дэлгэрүүлэх нь танай байгууллага, хамтын олны төр засаг, ард түмнийхээ өмнө хүлээсэн өндөр нэр хүндтэй ариун үүрэг мөн. 


Үндэсний мэдээллийн ууган байгууллагын нэг МОНЦАМЭ агентлагийн сэтгүүлч, уран бүтээлчид, тэдний өдөр тутмын түргэн шуурхтай үйл ажиллагаанд бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлж байдаг техникийн болон бусад ажилтнууд, ахмад болон залуу үеийнхэн Та бүхэнд 100 жилийн тань ойн энэ өдөр хөдөлмөр бүтээлийн өндөр амжилт, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!


МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ


Холбоотой мэдээ