21 аймгийн түүхэн дурсгал “Хөх Монгол” цогцолборт сүндэрлэлээ

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2016-06-28 10:10:16
oyuka_hu@yahoo.com

Орхон аймагт 21 аймгийн түүх, дурсгалт газрыг багтаасан “Хөх Монгол” цогцолбор нээлтээ хийлээ. Үүнийг аймгийн ИТХ болон Засаг даргын Тамгын газраас санаачилж хийлгэсэн юм.

“Хөх Монгол” цогцолборт Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнөөс эхлээд Тайхар чулуу, Хэрлэн барс хот, Шилийн богд уул зэрэг аймаг бүрт байдаг түүхэн дурсгалт газар, хөшөө зэргийг дуурайлгаж жижигрүүлсэн хэлбэрээр бүтээсэн байна. Цогцолборын хойморт “Монгол гэр”-ийг дүрсэлсэн хоёр давхар бүхий их барилга бий. Үүний нэгдүгээр давхарт 7д кино танхим, бэлэг, дурсгалын дэлгүүр байрлаж байгаа бол дээд давхарт нь Их Монгол Улсын түүхийг харуулсан зохиомжит зураг зэрэг олон төрлийн бүтээл байрлуулжээ. Барилгын орой буюу дэлхийн бөмбөрцөг байрлах хэсэгт Их Монгол Улсын үеийн газрын зургийг дүрсэлжээ. Бөмбөрцөгийг тойрон 9 хөлт цагаан туг залсан байна. Мөн барилгын дотор хэсэгт 12.6 метрийн урттай “Тэнгэрийн ташуур” бүтээжээ. Эл бүтээн байгуулалтыг Орхон, Дархан-Уул аймгийн зураач, уран бүтээлчид бүтээсэн юм. Цогцолборт нийт 2.5 тэрбум төгрөг зарцуулсан байна. Үүний 2.4 тэрбум төгрөгийг орон нутгаас 100 гаруй сая төгрөгийг иргэдийн хандив, тусламжаар хийсэн байна. “Хөх Монгол” цогцолбор иргэдэд төлбөртэй үйлчлэхээс гадна жилийн дөрвөн улирал ажиллана. Гэрэлтүүлэг нь 21-24 цаг хүртэл ажиллах ажээ.

Б.Оюун-Эрдэнэ

 

Холбоотой мэдээ