Японы тамирчин Такато Наохиса эх орондоо анхны алтан медалийг авчиржээ

Дэлхийд | Спорт
ayanzaya@montsame.gov.mn
2021-07-25 10:00:26

ТОКИО. /NHK/. Токиогийн Олимпын наадмын жүдогийн тэмцээний 60 кг-ын жингийн төрөлд Японы тамирчин Такато Наохиса эх орондоо анхны алтан медалийг авчирлаа.  


Өдгөө 28 настай Японы жүдоч Тайваний тамирчин Ян Юн Вэйг ялжээ. Такато Наохиса 2016 оны Рио-де-Жанейрогийн Олимпын наадамд хүрэл медалийн эзэн болж байсан аж. Үүнээс гадна тэрбээр гурван удаагийн дэлхийн аварга, 2021 оны Азийн аварга бөгөөд Олон улсын жүдо бөхийн холбооны Их дуулгын тэмцээнүүдэд 11 удаа ялалт байгуулсан удаатай.


“Хүмүүс намайг тууштай дэмжсэний хүчинд би энэ бүгдэд хүрч чадлаа. Аварга болсон ч гэсэн би улам сайжрахыг хичээх болно” гэж тэрбээр ярьжээ.


Үүнээс гадна Японы тамирчин Тонаки Фуна Косовогийн тамирчин Дистрия Красничид ялагдаж, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн байна. 

Холбоотой мэдээ