Индонезид өдөрт хамгийн олон хүн халдвараар нас баржээ

Дэлхийд | Нийгэм
anudaritsagaan@gmail.com
2021-07-28 10:45:20

ЖАКАРТА. /NHK/. Индонезид коронавирусний халдварын улмаас өдөрт хамгийн олон хүн нас барлаа гэж тус улсын Засгийн газраас мэдэгдэв. 


Тодруулбал, улсын хэмжээнд мягмар гарагт коронавирусний халдварын 45203 тохиолдол шинээр илэрч, 2069 хүн халдвараар нас баржээ. 


Индонезид өнгөрсөн сараас халдварын тархалт хурдацтай нэмэгдэх болсонд Энэтхэгт анх бүртгэгдсэн “Дельта” хувилбар тодорхой нөлөө үзүүлсэн байна. 


ДЭМБ-ын мэдээллээр, Индонез нь даваа гаргийн байдлаар халдварын улмаас өдөрт нас барсан тохиолдлын тоогоороо дэлхийн улс орнуудаас нэгдүгээрт бичигдэж байна. 


Мөн нийслэл Жакарта хот тэргүүтэй халдварт нэрвэгдсэн бүс нутгуудад эмнэлгийн ачаалал ихээхэн нэмэгдээд байна. "Өнгөрсөн сараас хойш халдвар авсан 2705 хүн гэрээр болон эмнэлгийн бус орчинд эмчлүүлж байхдаа нас барсан" гэж эмч нар болон нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн нэгэн холбоо мэдээлжээ.


Үүнтэй холбогдуулан эмнэлгийн орны хүрэлцээг сайжруулж, халдварын хөнгөн хэлбэрийн шинж тэмдэг илэрч буй иргэдэд зориулсан өөрийгөө тусгаарлах байгууламжийн тоог нэмэгдүүлэн өвчтөнүүдийн биеийн байдлыг хянана гэдгээ Засгийн газрын зүгээс мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ