Аавынхаа тамирчны замналыг үргэлжлүүлж яваа Позднякова алтан медаль хүртлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
anudaritsagaan@gmail.com
2021-07-29 12:49:04

ТОКИО. /Reuters/. ОХУ-ын Олимпын хорооны тэргүүн Станислав Алексеевич Поздняковын охин София Станиславовна Позднякова “Токио-2020” зуны Олимпын наадмын туялзуур сэлэмний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан илд сэлэмний төрөлд алтан медаль хүртсэнээр гэр бүлийнхээ нэр хүнд, аавынхаа тамирчны замналыг үргэлжлүүлж буйгаа батлан харууллаа.

Түүний аав С.А.Поздняков нь туялзуур сэлэмний төрөлд Олимпын наадмаас таван медаль хүртэж байсан бөгөөд 1996 оны Атлантагийн Олимпын наадамд туялзуур сэлэмний ганцаарчилсан илд сэлэмний төрөлд түрүүлж байжээ.

Охиноо Олимпын аварга болсон мөчийг гэр бүлийн түүхийнхээ чухал өдөр хэмээн онцолсон тэрбээр өөрийн инстаграм хуудсандаа, "Охины маань Олимпын түүх өнөөдрөөс эхэллээ. Тэрбээр удаан хугацааны турш бие даасан тамирчин болоод хувь хүн байсан бол өнөөдрөөс эхлэн түүний алдар нэр спортын түүхэнд үүрд бичигдэн үлдэхээр боллоо” хэмээн нийтэлжээ.

Мөн тэрбээр, "Охиноо хайрлаж, үүрд бахархаж, амжилтанд нь баярлан бахдах нь миний цаашид гүйцэтгэх үүрэг боллоо. Тэрбээр энэхүү амжилтаа өөрийнхөө хөдөлмөрөөр бүтээсэн. Түүнчлэн эцэг эхийн ген нь ч мөн түлхэц өгсөн гэдэгт найдаж байна” хэмээн бичсэн байна.

Түүний охин С.С.Позднякова нь 2018 онд ДАШТ-д түрүүлж, 2019 онд ДАШТ-ээс багаараа алтан медаль хүртсэн бөгөөд энэ удаагийн Олимпын наадамд ОХУ-ын Олимпын хороог төлөөлөн оролцож байгаа юм. Өдгөө 24 настай түүний хувьд “Токио-2020” Олимпын наадмаас алтан медаль хүртсэн нь эцгийнхээ “сүүдэр”-ээс гарах боломжийг олгосон гэж хэлж болно.

С.С.Позднякова Олимпын алтан медаль хүртсэнийхээ дараа, "Намайг туялзуур сэлмээр хичээллэж эхлэхэд нэрээр минь биш Поздняковын охин гэж дууддаг байсан. Мэдээж би түүний охин гэдгээрээ бахархдаг. Гэхдээ бид өөр, тусдаа хүмүүс. 2018 оны ДАШТ-ээр би туялзуур сэлэмний ганцаарчилсан төрөлд түрүүлсэн. Тэр үед өөрийгөө тамирчин хүн гэдгээ харуулсан гэж бодож байна. Харин өнөөдөр үүнийгээ баталж чадлаа. Гайхалтай байна” хэмээн хэлжээ.

Ташрамд дурдахад, Дэлхийн сэргээшийн эсрэг агентлагаас (WADA) ОХУ-ын баг, тамирчдыг 2022 он хүртэл дэлхийн хэмжээний томоохон спортын тэмцээн, түүний дотор Олимпын наадамд оролцохыг хориглох шийдвэр гаргасантай холбогдуулан энэхүү наадамд ОХУ-ын тамирчид улсынхаа нэрийг төлөөлж оролцоогүй юм. Тодруулбал, тэд ОХУ-ын Олимпын хорооны /ROC/ нэрийн дор оролцож байгаа билээ. 

Холбоотой мэдээ