Унгараас Монголд 33 амьсгалын аппарат хандивлалаа

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2021-07-30 12:04:45

УЛААНБААТАР. /Hungary Today/. “Манай улсаас Монгол Улсад 33 амьсгалын аппарат хандивлалаа” гэж Унгарын Гадаад хэргийн сайд Петер Сияяарто пүрэв гаргийн орой мэдэгджээ. Тэрбээр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй уулзсаныхаа дараа ийнхүү мэдэгдсэн байна.


“Унгар улс цар тахлын өмнөх давлагаануудаас суралцаж, эрүүл мэндийг хамгаалах амин чухал тоног төхөөрөмжүүдийг дотооддоо үйлдвэрлэх хүчин чадлаа нэмэгдүүлсний дүнд ийнхүү “найрсаг орнуудад” тусламж үзүүлэх бололцоотой болоод байна” гэж П.Сияяарто Улаанбаатар хотноо болсон хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ.


Тэрбээр Унгарын цар тахлын дөрөв дэх давлагаатай тэмцэж буй гол хүчин зүйлийн талаар хэлэхдээ, Унгар улс Европын Холбооны /ЕХ/ орнууд дундаа вакцинжуулалтын хамгийн хурдан хөтөлбөрийг хэрэгжүүлж, эрүүл мэндийн үйлчилгээний байгууламжуудыг “COVID-19”-өөр халдварласан өвчтөнүүдийг эмчлэхэд шаардлагатай бүх “стратегийн төхөөрөмжөөр” хангасан гэдгийг онцлов.

 

Мөн Монгол Улсын дархлаажуулалтын хөтөлбөрийг сайшаагаад, насанд хүрсэн хүн амынхаа 60 хувийг вакцинд хамруулаад буйг онцлон тэмдэглэсэн байна.  


П.Сияяарто мөн Монгол, Унгар эдийн засгийн нягт харилцаатайг дурдаад, Унгар нь Улаанбаатарт Элчин сайдын яамаа байгуулсан ЕХ-ны зургаан орны нэг гэдгийг онцолжээ. Мөн Унгарын “Exim” банк хоёр улсын хамтарсан үйлдвэрүүдэд дэмжлэг үзүүлэх үүднээс 60 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг хэрэгжүүлж буйг хэлэв. Түүнчлэн өнгөрсөн онд "нөхцөл байдал туйлын хүнд" байсныг үл харгалзан хоёр орны худалдааны эргэлт 19 хувиар өссөнийг тэмдэглэн хэлжээ.


Мөн Унгарын “Richter” эмийн компани Монголд 70 төрлийн эмийн бүтээгдэхүүн худалдаалж байгаагаас гадна Унгарын компаниуд 57 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар Монголд анхны малын вакцины үйлдвэр байгуулж буйг тэрбээр мөн дурдлаа. Үүний зэрэгцээ сүүлийн зургаан жилийн хугацаанд, Монголын 500 гаруй оюутан Унгарын их сургуулиудад суралцаж эхэлснийг Унгарын Гадаад хэргийн сайд нэмж хэлжээ. 

Холбоотой мэдээ