Турк болон Израиль харилцаагаа сайжруулахаар тохиролцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-06-28 19:32:25

АНКАРА. /Reuters/. Турк болон Израиль зургаан жил үргэлжилсэн таагүй харилцаандаа цэг тавьж, харилцаагаа хэвийн болгохооро тохиролцжээ.

Туркийн Ерөнхий сайд Бинали Йылдырым болон Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху нар даваа гарагт тус тусдаа мэдэгдэл хийн хоёр талын харилцаагаа сайжруулахаар тохиролцсоныг нийтэд зарлалаа.

Газын зурвас дахь палестинчуудад тусламж хүргэхээр явж байсан хөлөг онгоцыг Израилийн армийнхан нэгжиж шалгах үеэр Туркийн тусламжийн байгууллагын 9 ажилтан амь үрэгдсэнээр 2010 онд Турк болон Израиль дипломат харилцаагаа тасалсан юм.

Израиль мэдэгдэхдээ “хохирогчдын ар гэрийнхэнд нөхөн төлбөр болгон 21 сая доллар өгөхөөр тохиролцсон” гэв. Мөн уг мэдэгдэлд “Туркийн нутаг дэвсгэрээс Палестины “ХАМАС” хөдөлгөөнийхнийг Израиль руу халдахаас урьдчилан сэргийлэхээр Туркийн тал тохиролцсон” гэжээ.

Харин Туркийн тал дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнгүй.

Туркийн тал Израилиас байгалийн хий авах сонирхолтой байгаа бол Турктэй харилцаагаа сайжруулснаар үндэсний аюулгүй байдлаа бэхжүүлнэ гэж Израилийн тал найдаж байна гэж ажиглагчид үзэж байна.

Г.Доржханд

Холбоотой мэдээ