Г.Ёндон: БНХАУ-аас авах шатахууны эхний ээлж хил дээр ирээд байна

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2021-08-02 12:16:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УУХҮ-ийн сайд Г.Ёндон өнгөрсөн амралтын өдрүүдэд Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. Дорноговь аймгийн Алтанширээ суманд барьж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл нийт 4 үе шатаас бүрдэх юм. Үүний “EPC-1”буюу дэд бүтцийн бэлтгэл багц ажил энэ оны 1 дүгээр сараас эхэлж, 11 байгууламжийн суурийг цутгаж байна. Цэвэр усны болон үерийн ус зайлуулах систем, шугам хоолойн сувгийн ажил ид өрнөж байна. Мөн оффис, лаборатори, гал команд зэрэг технологийн бус байгууламжийн ажил эхэлжээ. Үйлдвэрийн гаднах дэд бүтцийн ажлын хүрээнд 27 км төмөр зам, 17.5 км хүнд даацын автозам, 110 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын бүтээн байгуулалтын ажлыг 2019 онд дуусгаж, хүлээлгэн өгөөд байна.

Цар тахлаас үүдэлтэйгээр энэтхэг мэргэжилтнүүд монголд орж ирэхэд хүндрэл үүсэж, Монголд ирснийхээ дараа удаан хугацаагаар тусгаарлалтад байсан, мөн Тяньжины боомт, Эрээнд ачаа бараа удаан хугацаагаар саатсан, Замын-Үүд боомтоос үйлдвэрийн талбай руу хийж буй ачаа тээвэрлэлтийн үнэ хэд дахин өссөн зэрэг хүндрэлтэй байдал байгааг төсөл гүйцэтгэгчид ярьж байв. Гэхдээ төлөвлөсний дагуу “EPC-1” багц ажлыг 2022 оны 11 дүгээр сарын сүүлээр хүлээлгэн өгч, дуусгана гэдгээ гүйцэтгэгчээр шалгарсан Энэтхэгийн “JMC Projects India” компанийн удирдлагууд танилцуулж байна.



Ер нь цаашид эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулж, өргөн хэрэглээний АИ-80, АИ-92 зэрэг шатахууны ханшийг чөлөөт зах зээл рүү үе шаттай шилжүүлэх нь зүйтэй болов уу. Үнийг нээлттэй, чөлөөтэй зарлах зах зээлийн зохицуулалт үгүйлэгдэж байна.



“EPC-2”, “EPC-3” багц ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн материалыг боловсруулж энэ оны 4-5 дугаар сард Энэтхэг рүү илгээжээ. Гэвч цар тахлын нөхцөл байдлаас үүдэлтэйгээр тодорхой болоогүй байгаа аж. Газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулснаар манай улс жилд 1.5 сая тонн түүхий тосноос 1.3 сая тонн бүтээгдэхүүн гарган авч, дотоодын газрын тосны хэрэглээний 55 орчим хувийг хангах боломж бүрдэх юм. Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөлтэй танилцах үеэр УУХҮ-ийн сайд Г.Ёндон сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Шатахууны импортоос бүрэн хамааралтай манай улсын хувьд Газрын тосны үйлдвэртэй болох нь хамгийн чухал. Төслийн явц ямар байна вэ?

-Засгийн газар 2017 онд Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг БНЭУ-ын Экспорт-Импортын банкны 1 тэрбум долларын хөнгөлөлттэй санхүүжилтээр хэрэгжүүлэхээр болсон. Өнөөдөр төслийн ажил бүтээн байгуулалт руу шилжиж, төлөвлөсний дагуу хэрэгжиж байна.

Манай улс жил бүр 1 сая орчим тонн түүхий тосыг БНХАУ-д экспортолдог мөртлөө, шатахууны хэрэглээнд жилдээ 1.2 тэрбум орчим ам.доллараар эргүүлээд худалдан авдаг. Нэг ёсондоо, түүхий эдээ урагш зарчихаад, эргээд өндөр өртгөөр худалдан авч суудаг байдалтай олон жил болж байна. Тэгэхээр бидний хувьд зөвхөн нэг жилд л зардаг 2 сая тонн шатахууны өртгөөр /1.2 тэрбум ам.доллар/ боловсруулах үйлдвэрээ барих боломж бүрдээд байгаа юм. Тиймээс бид Газрын тос боловсруулах үйлдвэрээ барьж, ашиглалтад оруулах нь хамгийн чухал бөгөөд томоохон зорилт болсон.  

Үйлдвэрийн “EPC-1” буюу дэд бүтцийн бэлтгэл багц ажил төлөвлөсөн хугацаанд хэрэгжиж байна. 2-4 дэх багц ажлууд нь анхдагч процессийн болон цахилгаан станц, гүн боловсруулалтын лицензтэй технологийн байгууламжуудын бүтээн байгуулалт юм. Бид 2024 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн, энэ дагуу бүх нөөц бололцоогоо дайчилж ажиллаж байна.




-Манай улсын газрын тосны батлагдсан нөөц ямар байгаа вэ?

-Манай улс 332.6 сая тонн газрын тосны баталгаат нөөцтэй. Үүнээс ашиглалтын баталгаат нөөц нь 43.2 сая тонн байсан. Одоогоор “Петрочайна Дачин тамсаг” компани 9 сая тонн орчмыг ашиглаж, үлдсэн нөөцийн хэмжээгээр цаашид 20 жил ашиглах баталгаат нөөц үлдсэн гэж тооцоолж болно. Мөн  энэ оны 7 дугаар сард Матад XX талбайд шинээр ашиглалтын нөөц тогтоосон нь томоохон алхам болоод байна. Түүнчлэн хайгуулын дүнд Хөхнуур XVIII  болон Галба XI талбайгаас тос илэрсэн учраас ажлыг эрчимжүүлж, шинээр орд болгон хөгжүүлж, нөөцийг нэмэгдүүлэх боломжтой. Энэ чиглэлээр тодорхой ажлыг хийж хэрэгжүүлнэ.

-Үйлдвэр ашиглалтад орсноор бүтээгдэхүүний үнэ хямд байх боломжтой юу?

-Түүхий тосоо өөрсдөө боловсруулснаар хамгийн гол нь гадаад зах зээлээс үл хамаарах, эдийн засгийн хараат бус байдлаа бэхжүүлэхэд маш чухал үүрэгтэй. Мэдээж үнийн хувьд хямд байх нь тодорхой. Жижиглэнгийн үнэ бүрдэлтийн 70-80 хувь нь хилийн үнэ байдаг тул үүнийг үл хамаарах, хараат бус байдал гээд байгаа юм. Мөн үнэ бүрдэлтэнд давхар нөлөөлдөг 20-30 хувь болох татвар, үйл ажиллагааны зардал, ашгийн түвшин зэрэг өртөг дээр төрөөс бодлогын зохицуулалт хийх боломжтой болно.

-Шатахууны үнэ өсчихлөө. АИ-95, АИ-98 бензиний хомсдол нүүрлэх талаар хөндөгдөж байна. Үүнд ямар арга хэмжээ авч байна вэ?

-Энэ онд Засгийн газраас цар тахлын хүнд үед шатахууны үнийн өсөлтийг иргэдэд ачаалахгүйн тулд эдийн засаг сэргэх, ААН-үүдийн үйл ажиллагаа идэвхжих, вакцинжуулалтыг хүн амын 60 хувьд хүргэх зэрэг эерэг нөхцөл байдал үүстэл компаниудтай зөвшилцөж, хэлэлцээр хийж ажилласан.  Төр, засгаас ямар нэгэн хөнгөлөлт, санхүүжилт үзүүлээгүй. Төрийн өмчийн ААН-үүд болох “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс Тавантолгой”-гоос иргэд рүү чиглэсэн сайжруулсан түлш, цахилгаан, дулаан, уур, ус, хогны үнийг тэглэх арга хэмжээ авсан. Шатахуун импортлогч компаниуд уг акцид нэгдэж бидний саналыг хүлээн авч, санаачлагатай ажилласан.

АИ-92 автобензиний онцгой албан татварыг 2018 оноос одоог хүртэл тэглэсэн хэвээр байгаа. Гэвч, та бүхэн мэдэж байгаа, 2020 оны 4 дүгээр сард 19.5 ам.доллар байсан нэг баррель тосны үнэ өнөөдөр 73 ам.долларт хүрээд байна. Өмнөд хөршид гэхэд он гарснаас хойш шатахууны жижиглэнгийн үнэ 12 удаа нэмэгдсэн. Улс орнууд Сингапурын биржийн арилжаатай уялдуулж, харьцуулсан байдлаар газрын тосны үнээ зарладаг.

ОХУ-ын "Роснефть" компаниас авч буй шатахууны үнэ ч Сингапурын үнэтэй дүйдэг. Ер нь бол, цаашид эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулж, үе шаттайгаар өргөн хэрэглээний АИ-80, АИ-92 зэрэг шатахууны ханшийг чөлөөт зах зээл рүү шилжүүлэх нь зүйтэй болов уу. Үнийг нээлттэй, чөлөөтэй зарлах зах зээлийн зохицуулалт үгүйлэгдэж байна. Харин дотоодод АИ-95, АИ-98 автобензинээр хомсдох байдал үүсээгүй, нөөцийг хэвийн хэмжээнд байлгахын тулд бид БНХАУ-ын “China oil” компанитай хэлэлцээр хийсэн. Эхний ээлжийн шатахуун хил дээр ирсэн, нөөцийг хэвийн байлгахаар зохицуулж байна.


Холбоотой мэдээ