Афганистаны томоохон хотод мөргөлдөөн үргэлжилж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-08-03 12:24:24

КАБУЛ. /BBC/. Афганистаны томоохон хотуудын нэг болох Лашкар Гахт ширүүн мөргөлдөөн үргэлжилж байна. Үүнтэй холбоотойгоор тус хотыг “Талибан” хөдөлгөөний босогчдын эзэлсэн анхны мужийн нийслэл хот болох вий гэдэгт олон нийт санаа зовниж байна.


Тодруулбал, Өмнөд нутгийн Хелманд мужийн нийслэл Лашкар Гах хотод АНУ, Афганистаны цэргүүд агаарын цохилт тасралтгүй өгсөөр байгааг үл харгалзан босогчдын довтолгоо үргэлжилсээр байгаа юм. Түүнчлэн “Талибан” телевизийн станцыг эзэлсэн гэх мэдээлэл байна.


Мөн хотын олон мянган оршин суугч барилга байгууламжуудад түр хорогдохоор хөдөө орон нутаг руу дүрвэх болжээ. “Мөргөлдөөн хаа сайгүй үргэлжилж байна” хэмээн нэгэн эмч өөрийн ажилладаг эмнэлгээсээ “BBC” телевизэд мэдээлжээ.  


Одоогийн байдлаар Афганистаны зэвсэгт хүчний олон зуун алба хаагчийг босогчдын эсрэг байршуулаад байна. Афганистанд 20 жил цэргийн ажиллагаа явуулсан АНУ тус улсаас цэргүүдээ гаргаж эхэлснээс үүдэн сүүлийн саруудад “Талибан” нөлөөгөө бэхжүүлээд байгаа юм.


АНУ, Их Британийн цэргийн ажиллагааны төв байсан Хелмандад талибууд хяналтаа тогтоовол Афганистаны Засгийн газрын хувьд хүндхэн цохилт болно. Хэрэв Лашкар Гах эзлэгдвэл 2016 оноос хойш “Талибан”-ы эзэлсэн анхны мужийн нийслэл болох юм. Энэ нь одоогоор довтолгоонд өртөж буй гурван мужийн нийслэлийн нэг юм.


Лашкар Гах дахь Афганистаны нэгэн цэргийн командлагчийн анхааруулснаар, “Талибан”-ы ялалт “дэлхийн аюулгүй байдалд асар ноцтой нөлөө” үзүүлж магадгүй байна. “Энэ бол зөвхөн Афганистаны дайн биш. Энэ бол эрх чөлөө, тоталитаризмын хоорондох дайн” гэж Хошууч генерал Сами Садаат “BBC”-д мэдээлжээ.


Даваа гарагт Афганистаны Мэдээллийн яамны мэдээлснээр, Хелманд дахь 11 радио, дөрвөн телевизийн суваг “Талибан”-ы “халдлага, аюул заналын” улмаас үйл ажиллагаагаа зогсоосон байна.


Мөн Афганистаны хоёр дахь том хот болох Кандахарыг эзлэх босогчдын оролдлого үргэлжилсээр байна. Ням гарагт тус хотын нисэх буудал пуужингийн цохилтод өртжээ. “Талибан”-ы хувьд Кандахарыг хяналтдаа оруулах нь томоохон ялалтын бэлгэдэл болохын сацуу улсын өмнөд хэсэгт нөлөөгөө бэхжүүлэх боломж болж магадгүй байна.


Талибуудын довтолгоонд өртөж буй гурав дахь хот болох баруун нутгийн Хератад Засгийн газрын цэргүүд босогчидтой тэмцсээр байна. Баасан гарагт НҮБ-ын байр халдлагад өртсөний дараа Засгийн газрын цэргүүд зарим хэсгийг эргүүлэн хяналтдаа авчээ.


Нийгмийн сүлжээнд нийтлэгдсэн дүрс бичлэгүүдээс үзэхэд, Хератын оршин суугчид Засгийн газрын цэргүүдийг сайшаан “Бурхан хамгийн агуу нь” хэмээн хашхирч байжээ. 



Холбоотой мэдээ