“Тавантолгой-Зүүнбаян” төмөр замын төслийн санхүүжилтийг шийдвэрлэхийг үүрэг болгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-08-04 17:44:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын төслийн талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.


Үүнтэй холбогдуулан, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн гүйцэтгэсэн ажлын хүлээгдэж байгаа төлбөр болон төслийн бүтээн байгуулалтын ажлыг бүрэн дуусгахад шаардагдах үлдэгдэл санхүүжилтийг энэ оны гуравдугаар улиралд багтаан шийдвэрлэхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдах зөвлөл, гүйцэтгэх захирал нарт даалгав. Санхүүжилтийг шийдвэрлэсний үндсэн дээр Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын барилгын ажлыг 2022 оны хоёрдугаар улиралд багтаан ашигалтад оруулахыг холбогдох хүмүүст үүрэг болгов.

 

Богдхан төмөр замын суурь бүтцийн барилгын ажил гуравдугаар улиралд эхэлнэ

 

Богдхан төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” ХХК-д олгож, суурь бүтцийн барилгын ажлыг энэ оны гуравдугаар улиралд багтаан эхлүүлэхээр болов.


Богдхан төмөр замын төслийг холбогдох хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлэх, төслийн бүтээн байгуулалт, төмөр замын суурь бүтцийн барилгын ажилд Зэвсэгт хүчний жанжин штаб, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийг оролцуулж ажиллахыг холбогдох хүмүүст үүрэг даалгалаа.

 

Засгийн газрын хуралдааны товч мэдээ:

· Замын-Үүд боомтын ачаа бараа эргэлтийг сайжруулах, БНХАУ-ын Тяньжин боомтод бөөгнөрсөн чингэлгийг татан авах чиглэлээр гадаад харилцааны шугамаар ажиллах, наймдугаар сард багтаан БНХАУ-ын талд үүссэн олон улсын ачаа тээвэртэй холбоотой асуудлыг эцэслэн шийдвэрлэхийг албаны хүмүүст даалгалаа.


· Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэн үргэлжлүүлэх, хувийн хэвшлийн оруулсан хөрөнгө оруулалтыг аудитын дүгнэлт гаргуулан Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт ТӨХХК-ийн балансад шилжүүлэх, Үйлдвэрлэлийн үндсэн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж ажиллахыг даалгав.


· Хилийн Алтанбулаг боомтоор зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг энэ сарын 31-нийг дуустал сунгалаа.


· Автозамаар олон улсын зорчигч тээвэрлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Словени Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжээд тус хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтов.

Холбоотой мэдээ