Истанбулд халдлага үйлдсэнийг НҮБ эрс буруушаав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРНЬЮ-ЙОРК. /VOA/. Туркийн Истанбул хотын Ататуркийн нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудалд террорист халдлага үйлдсэнийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн эрс буруушаалаа.
Бан Ги Мүний нэрийн өмнөөс хэвлэлийн төлөөлөгч нь өчигдөр орой мэдэгдэл хийжээ.
Уг мэдэгдэлд “Энэ халдлагыг үйлдсэн гэмт этгээдүүдийг олж, зохих хариуцлагыг нь хүлээлгэнэ гэдэгт НҮБ-ын тэргүүн найдаж байна” гэжээ. Мөн уг мэдэгдэлд “НҮБ-ын тэргүүн Туркийн ард түмэнтэй хамт” гээд терроризм болон хэт давруу үзэлтнүүдтэй хатуу тэмцэхийн тулд бүс нутаг болон олон улсын хүчин чармайлтыг эрчимжүүлэхийг уриалжээ.
АНУ-ын Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жош Эрнест мөн мэдэгдэл хийн “Истанбулд халдлага үйлдсэнийг АНУ эрс буруушааж байна” гэсэн юм.
Тэрбээр хэлэхдээ “терроризмын аюул заналхийлэлтэй тэмцэхэд нь АНУ дэлхийн бусад холбоотнуудын хамт Туркийг тууштай дэмжсэн хэвээр байх болно” гэжээ.
Г.Доржханд
Г.Доржханд