Иргэдийг түймрийн утаанд бага насны хүүхдээ гадуур явуулахгүй байхыг зөвлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-08-09 17:28:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Якутад гарсан түймрийн утаа нийслэлийг бүрхэж, агаарын бохирдол үүсгэж байгаа. Үүнтэй холбоотой Нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтсийн дарга М.Чинсанаагаас зарим зүйлийг тодруулснаа НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс нийтэлжээ.


-ОХУ-д гарсан түймрийн нөхцөл байдал ямар байна вэ. Хохирлын хэмжээ гарсан уу?

Одоогоор ОХУ-ын Якутын бүс нутгийн Дунд Сибирт гарсан түймэр унтраагүй. Орон нутгийн иргэд, гал унтраах ангийнхан түймрийг унтрааж байна. Наймдугаар сарын 7-ны байдлаар 300 гаруй удаа түймэр гарч, 12140 км талбайг хамарсан. Түймэр унтраахаар 5302 хүн 873 техник, тоног төхөөрөмж, агаарын хяналтын 34 онгоц, гал унтраах устай 11 онгоцтой ажиллаж байгаа мэдээлэл бий.

Түймрийг цурамд оруулж, бүр мөсөн унтраасны дараа хохирлын хэмжээг тооцдог. Мэдээж хүрээлэн буй орчин, байгалийн тэнцвэрт байдал маш их алдагдан, ан амьтад дайжиж, ургамлын төрөл зүйлүүд түймэрт өртөж байна. Түүнчлэн тус бүс нутагт гарсан түймрийн утаа Улаанбаатар, Увс, Завхан, төвийн бүсийн нутгуудыг бүрхсэн.


-Улаанбаатар хотын агаарын бохирдол  ямар түвшинд байна вэ. Иргэдэд ямар зөвлөгөө өгөх вэ?

Агаарын бохирдол нүдэнд харагдахуйц хэмжээгээр өөрчлөгдлөө. Агаарын давхаргын доогуур тоосжилт их байдаг. Нүдэнд харагдахгүй энэ тоосжилтод хүүхдүүд хамгийн их өртдөг. Иймд иргэд бага насны хүүхдээ гадуур дагуулж явахгүй байхыг зөвлөж байна. Мөн хоолойгоо давс, соданы уусмалаар зайлах шаардлагатай. Зайлшгүй тохиолдолд хүүхдээ дагуулж яваа бол амны хаалтыг тогтмол зүүлгэх хэрэгтэй. Аль болох гэрээсээ гарахгүй байж, гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийж, утааны саармагжилт арилтал цонхоо онгойлгохгүй, шаардлагатай бол утаа багассан үед агаар сэлгэлтийг богино хугацаанд хийх хэрэгтэй.


-Түймрийн шалтгаан, нөхцөлийг тогтоосон уу?

Түймрийн шалтгаан, нөхцөлийг шууд тогтоох боломжгүй. Жишээ нь, Монгол орны хувьд түймрийн 90 гаруй хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас үүддэг. Сибирийн ой бол маш шигүү. Энэ ойд түймэр дэгдсэн нөхцөлд хүний хүчээр унтраахад хүндрэлтэй. Бороо орж байж буюу байгалийн хүчээр л түймрийг унтрах боломжтой.



Холбоотой мэдээ