Тээвэрлэлтийн гацаа ба нийлүүлэлтийн сүлжээн дэх замбараагүйтэл

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2021-08-23 13:27:39

Дэлхийд хүчин чадлаараа 3 дугаарт ордог чингэлгийн боомтын терминал хаагдсан нь далайн тээвэрт үүссэн замбараагүй байдал ирэх он хүртэл үргэлжлэх нь гэдгийн дохио сануулга болж байна. Ужгирсан гацаа түгжрэл, тээврийн үнийн өсөлт нь дэлхийн эдийн засгийн өсөлтөнд саад учруулснаар эрэлт хэрэгцээг хангах боломжгүйд хүрч, эцсийн хэрэглэгчид очих үнэ өсөж магадгүй.


Коронавирус дэгдсэний улмаас өнгөрсөн долоо хоногт Нинбо-Жоушань боомтыг хэсэгчлэн хааснаар, орж байгаа болон гарч байгаа чингэлэг тээвэрлэгч хөлөг онгоцуудын хөдөлгөөн саатаж, боомтын хүчин чадал 20 хувиар буурлаа. Энэ нь 5 дугаар сард Хятадад дэгдсэн халдвараас хойш үүсэж буй бас нэгэн саатал бөгөөд тэр үед Шэнжэнь дэх Янтань боомтыг 3 долоо хоногийн турш хаасан нь олон улсын ачаа тээвэрлэлтэд цохилт болохоор нөлөөг үзүүлсэн билээ.  

Тээвэрлэлтийн үнэ зогсолтгүй өссөөр байгаа, дэлхий даяарх боомтуудад байнга түгжрэл үүсэж байгаа нь нийлүүлэлтийн сүлжээнд үүссэн асуудлуудыг улам хурцатгаж байна. Тухайлбал, хагас дамжуулагчийн хомсдол, түүхий эдийн үнийн өсөлтийг өдөөж, худалдан авалтын оргил үеийн өмнө жижиглэнгийн худалдаачид бараагаа нөөцөлж байгаа зэргээс шалтгаалан ачааны машины жолооч нар хүрэлцэхгүй болов.    


Далайн тээврийн үнийн өсөлтөөс үүдэлтэй зардлаа нөхөхөөр импортлогчид ба экспортлогчид хичээсээр байна. Тухайлбал, Хятадаас АНУ-ын баруун эрэг хүртэл 40 тн-ийн чингэлэг тээвэрлэх үнэ 15800 доллар болтлоо өссөн нь цар тахлын өмнөх үетэй харьцуулахад 10 дахин, өнгөрсөн сартай харьцуулахад 50 хувиар өссөн гэдгийг Freightos дата төвийн мэдээлэлд дурджээ.


Ийм эмх замбараагүй байдал өнгөрсөн оны 2 дугаар хагасаас эхлэн үүссэн. Цар тахал дэгдэх үед бүтээгдэхүүний эрэлт эрс буурч, далайн тээвэрлэгчид рейсээ цөөрүүлж байлаа. Гэвч удалгүй хөл хорионд байсан хэрэглэгчид урьд өмнө байгаагүй их хэмжээгээр бараа бүтээгдэхүүнийг онлайнаар захиалж эхлэв. Тээвэрлэгч компаниуд үүнд зохицон ажиллах гэж ихэд хичээсэн боловч 3 дугаар сард Суэцийн сувагт хөлөг онгоц гацаж, Янтань боомтын терминал хаагдсанаас гадна хилийн хориг, боомтын ажилчид хүрэлцэхгүй байсан зэргээс шалтгаалан компаниудын үйл ажиллагаа доголдов. Нинбо-Жоушань боомтыг тодорхойгүй хугацаагаар хэсэгчлэн хаасан явдал бол дэлхийн ложистикийн тогтолцоонд үүссэн ачааллыг улам өсгөх ноцтой асуудал юм. 


Далайн тээврийн компаниудын хөлөг онгоцууд Шанхайн ойролцоох боомтыг зүглэх болжээ. Дэлхий даяар 2,4 сая орчим ширхэг 20 тн-ын чингэлэг ачсан 350 хөлөг онгоц боомтуудын ойролцоо зогсож байгаа тухай VesselsValue мэдээлсэн байна. Чингэлгийн бөөгнөрөл өнгөрсөн сард дэлхийн далайн тээврийн флотын хүчин чадлын 3,5 хувьтай тэнцүү байсан бол одоо 4,6 хувьд хүрснээр байдал улам хүндэрч байгаа тухай Clarksons Platou Securities группын мэдээлэлд дурджээ.


Дэлхий дээрх хамгийн том чингэлэг тээвэрлэгч компани болох Маерск-ийн далайн сүлжээ хариуцсан захирал Ларс Микаэль Женсен ярихдаа “Ковидийн Дельта хувилбар дэгдсэнээс хойш байдал сайжрах шинж тэмдэг үгүй болсон, бүхэлд нь авч үзвэл сайжрах ямар ч төлөв алга. Далайн тээврийн сүлжээнүүдийн ачаалал хэтэрхий их хэвээр байна” гэдгийг хүлээн зөвшөөрлөө.

 


Чингэлэг тээврийн үнэ ханш огцом өссөнөөр нийлүүлэлт саатаж байгаа нь ноцтой үр дагаврыг авчирна гэж Их Британийн Нийлүүлэлт хангамжийн судалгааны хүрээлэнгийн эдийн засагч Жон Глен дүгнэн хэлэв.  


Гэсэн хэдий ч ихэнх барааны нийлүүлэлт “элбэг дэлбэг хэмжээнд биш юм аа гэхэд хангалттай хэмжээнд” байгаа гэдгийг тэрбээр дурдлаа. Тавилга үйлдвэрлэгчдийн захиалсан хөөс, гэрлэн чимэглэл гэх мэт овор ихтэй, үнэ хямд бараануудын хувьд асуудал үүсээд байгаа. Зул сарын баярт зориулан Европ руу нийлүүлэлт хийх хамгийн эгзэгтэй чухал үе ирээд байна. Улирлын чанартай бараанууд хомсдож магадгүй байгаа нь инфляцийг улам хөөрөгдөнө, учир нь, асуудлыг богино хугацаанд шийдэх боломж байхгүй” гэдгийг Ж.Глен онцлов.


Германы Hapag-Lloyd тээвэрлэгч компанийн тооцоолсноор, тээврийн түгжрэл саатал нь ирэх оны эхний улирал хүртэл багасахгүй бололтой. Түүнчлэн тус компанийн гүйцэтгэх захирал Рольф Хаббен Жансен хэлэхдээ “эрэлт ихсэх учраас дээрх хугацаа хойшилж ч магадгүй” гэдгийг анхаарууллаа.


Хямралд илүү өртсөн автомашин, нэхмэлийн үйлдвэрлэл зэрэг салбаруудаас гадна олон компани эрэлт хэрэгцээг хангах, үнийн өсөлтийн дарамтыг сөрөн зогсоход бэрхшээлтэй тулгарч байна.  


Европ тивд зуны улиралд үйлдвэрлэлийн салбарын идэвхжил сул байснаас үүдэн дээрх сөрөг нөлөөлөл нь ажиглагдсан. “Нийлүүлэлтийн сүлжээнд үүссэн доголдол нь еврогийн бүсийн үйлдвэрлэлд хэсэг хугацаанд нөлөөлөхөөр байна” гэж Номура группын еврогийн бүсийн эдийн засаг Жорж Баклеи дүгнэлээ.


Гацаа түгжрэл, эмх замбараагүй байдал нь томоохон үйлдвэрлэгчид ба жижиглэнгийн худалдаачдын хувьд илүү олон агуулах барьж, хангамжийн сүлжээгээ бэхжүүлэх, нийлүүлэгчдийнхээ тоог өсгөх, үйлдвэрлэлээ эрэг рүү буцаан татах зэрэг асуудлыг авч үзэхэд хүргэлээ. Гэтэл энэ бүхэнд мөнгө зардал шаардагдах тул олон жижиг компанийн хувьд тэсэн тогтох тухай асуудал болж хувираад байна.


“Миний бодлоор, энэ бол яг одоо эдийн засагт тулгарч буй хамгийн ноцтой бэрхшээл мөн. Ийм аюул дөнгөж эхлээд шүргэх төдий байна” гэж Манчестерт төвтэй чингэлэг тээвэрлэгч Edge Worldwide Logistics компанийн гүйцэтгэх захирал Филип Эж ярилаа. Хэрвээ газрын тосны үнэ нэг торх нь 20 доллар байснаа 200 долларт хүртлээ өснө гэж төсөөлөх аваас одоо болж буй үйл явдалтай үүнтэй төстэй”.  


Харьцуулалт оновчтой биш байж болох юм, гэхдээ газрын тосны зах зээлтэй харьцуулахад далайн тээврийн үнэ нь урт хугацааны гэрээ хэлцлийн үндсэн дээр тогтдог, алсын тээвэрлэлтээс хамаардаг үйлдвэрлэлийн салбарууд илүү бэрхшээлтэй тулгардаг гэдгийг харуулж байна.


Ялангуяа барууны зах зээлд бараа нийлүүлдэг хөгжиж буй орнуудын бизнес эрхлэгчдийн хувьд нэн хүнд цохилт болж буулаа. Эдгээр компанийг зовоож байгаа зүйл бол тээвэрлэлтэнд өндөр үнэ төлөх ба компаниуд 9 эсвэл 12 сарын дараа хэрэглэгчидтэйгээ дахин хэлцэл хийх боломж гэсэн хоёрын зүйлийн хоорондох ялгаа гэдгийг тээвэрлэгчдийн Global Shippers’ Forum-ын ерөнхий нарийн бичгийн дарга Жеймс Хүүкэм дурдлаа.


Эх сурвалж:  Financial Times

 

 

 

Холбоотой мэдээ