Чингэлэг тээврийн терминалтай болсноор нүүрсний экспорт нэмэгдэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2021-08-31 10:55:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гашуунсухайт, Шивээхүрэн боомтод чингэлэг тээврийн нэмэлт терминал байгуулах ажил 80 гаруй хувьтай үргэлжилж байна.


Есдүгээр сард ашиглалтад орох уг терминалыг “Энержи ресурс” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК-ийн хөрөнгөөр байгуулж байгаа. Мөн Шивээхүрэн боомтын гаалийн хяналтын нэмэлт гарцыг “Монголын Алт” (МАК) ХХК барьж, Хил хамгаалах ерөнхий газарт хүлээлгэн өгснөөр чингэлэгт тээврийн терминалын зам талбайн ажил эхэлжээ.


Гашуунсухайт боомтод үерийн далан, чингэлэг тээвэр, урт болон богинын тээврийн зам талбайн ажил хийж, барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний бүтээн байгуулалт төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж байна.


Хилийн боомтуудад чингэлэг тээврийн терминал байгуулснаар хүн хоорондын шууд харилцаа багасаж, жолооч нар хил нэвтрэхгүйгээр шуурхай ажиллах боломж бүрдэх юм. Мөн нүүрсний тээвэрлэлтээс үүдэлтэй байгаль орчинд учирч буй сөрөг нөлөөлөл багасаж, нүүрсний экспортын хэмжээ нэмэгдэнэ.


Түүнчлэн Тавантолгой бүлэг ордоос экспортлох нүүрсийг задгай тээврийн хэрэгсэлд ачиж, буулгах, тээвэрлэх явцад гарах хорогдлыг багасгах, нүүрсний чанарыг алдагдуулахгүйгээр тээвэрлэх ач холбогдолтой аж. Хилийн боомт, улсын хилийн бүс, зурвас газруудад чингэлэгт тээврийн терминал байгуулах ажил Засгийн газрын дугаар сарын 2-ны 185 дугаар тогтоолоор хэрэгжиж байна.

Холбоотой мэдээ