Хорват улсын Гадаад хэргийн сайдтай уулзав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Бүгд Найрамдах Хорват Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Баттунгалаг Бүгд Найрамдах Хорват Улсын Гадаад хэргийн сайд Гордан Грлич Радмантай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Гадаад хэргийн сайд Радман сүүлийн жилүүдэд хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа олон салбарт өргөжин хөгжиж буйг тэмдэглэж, НҮБ, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (OSCE) болон бусад Олон улсын байгууллагуудын түвшинд хоёр улс үр дүнтэй хамтран ажиллаж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
Талууд эдийн засаг, боловсрол, соёл, аялал жуулчлал, зам тээврийн салбарт хоёр талын харилцааг өргөжүүлэхэд түлхүү анхааран ажиллахаар болов.