Хөшөөтийн уурхайн тээвэрчид шаардлага хүргэж, тэмцэл өрнүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-09-03 19:00:11

Ховд /МОНЦАМЭ/. Хөшөөтийн уурхайн тээвэрчид өнөөдөр Ард Аюушийн талбайд жагсаж, Ховд аймгийн удирдлагуудад шаардлага хүргүүллээ. Энэ үeэр Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав тээвэрчидтэй уулзаж, санал бодлыг нь сонссон юм. 

Ховд аймгийн Цэцэг сумын нутагт байрлах "Мо-Эн-Ко" ХХК-ийн Хөшөөтийн уурхайд гэрээгээр нүүрс тээвэрлэгч жолооч нараас ирсэн санал хүсэлт, өргөдөл гомдлыг үндэслэн Засаг даргад дараах шаардлагыг хүргүүлжээ. Үүнд:

-Ховд аймаг Мо-Эн-Ко ХХК хоорондын хамтран ажиллах 2021-2024 оны гэрээг нэн яаралтай байгуулах

-“С зөвшөөрөл” нэрээр тээвэрлэлтийн үйл ажиллагаанаас хасч, жолооч тээвэрчдийг шахан гаргаж байгаа асуудлыг шуурхай шийдвэрлэх, Мо-Эн-Ко ХХК өөрийн тээврийн хэрэгслийг оруулж ирж байгаа үйл ажиллагааг таслан зогсоох

-Мо-Эн-Ко ХХК-д тээвэр зуучлагч компаниудын захирлууд, тээвэрчдийн төлөөллийн байгууллага, ханган нийлүүлэгч байгууллагын төлөөллийн “Зөвлөлдөх уулзалт”-ыг нэн даруй зохион байгуулж, хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр байгуулахад нь дэмжлэг үзүүлэх гэж тусгажээ. 

Өнөөдрийн жагсаал, уулзалтыг Хөшөөтийн уурхайн жолооч нарын эрх ашгийг хамгаалах, зарим тулгамдсан асуудлыг хамтын оролцоотой шийдвэрлэх зорилгоор “Мо-Эн-Ко” ХХК-д гэрээгээр нүүрс тээвэрлэгчдийн үйлдвэрчний эвлэлийн хорооноос халдвар хамгааллын дэглэм баримтлан зохион байгуулсан.

Тус хорооны баг, жолооч нарын төлөөлөл маргааш Хөшөөтийн уурхай дээр очиж ажиллах ба Мо-Эн-Ко ХХК-д мөн хэд хэдэн заалт бүхий эсэргүүцэл, шаардлага хүргүүлнэ. Мөн цаашид Монгол Улсын Ерөнхийлөгч болон Засгийн газар, иргэдэд хандсан шаардлага, уриалга, мэдэгдэл хүргэх үйл ажиллагаа өрнөх аж.      

Холбоотой мэдээ