Японы Ерөнхий сайд АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад оролцоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2016-07-02 17:34:23

ТОКИО. /Kyodo/. Долдугаар сарын 15-16-нд Монголын нийслэл Улаанбаатар хотноо болох Ази-Европын уулзалт буюу АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад Японы Ерөнхий сайд Шинзо Абэ оролцохоор төлөвлөж байна гэж засгийн газрын эх сурвалжууд мэдэгдлээ.

Их Британи Европын Холбооноос гарах болсонтой холбоотойгоор дэлхийн эдийн засгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй аюул заналхийллүүдийг дарах арга замыг Ази-Европын удирдагчид хэлэлцэх учир энэ дээд хэмжээний уулзалт нь Абэгийн хувьд бусад улсын удирдагчидтай хамтын ажиллагаагаа бэхжүүлэх боломж юм.

Бээжинд болох “Их-20” бүлгийн дээд хэмжээний уулзалтын өмнө болох гэж буй АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Көцянтай Абэ хоёр талын хэлэлцээ хийх төлөвтэй байна. Хөгжиж буй болон хөгжингүй улсуудын “Их-20” бүлгийн дээд хэмжээний уулзалт есдүгээр сард Бээжин хотноо болно.

 Сенкакү арлын ойролцоох Японы газар нутагт хамаарах ус орчмын бүсэд Хятадын тэнгисийн цэргийн хүчний хөлөг онгоцууд саяхнаас нэвтрэх болсонд түгшиж байгаагаа Ли Көцянд Абэ илэрхийлж магадгүй.

Эх сурвалжуудын мэдэгдсэнээр, долдугаар сарын 10-нд болох Японы сайд нарын танхимын сонгуулийн дүнгээс үл хамааран Абэ уг дээд хэмжээний уулзалтад оролцох ажээ.

2014 онд Италийн Милан хотноо болсон АСЕМ-ын удирдагчдын дээд хэмжээний уулзалтад Ерөнхий сайд Абэ оролцож байсан билээ.

Абэ ерөнхий сайдын хувиар Монгол Улсад гурав дахь удаагаа айлчлах гэж байгаа нь энэ юм. Тэрбээр Монголд хамгийн олон удаа айлчилсан Японы ерөнхий сайд болно.

Японы Засгийн газар Монголыг эрх чөлөө болон ардчиллын үнэт зүйлсийг Японтой хуваалцдаг “зайлшгүй чухал түнш” гэж тодорхойлж байсан юм.

Ерөнхий сайд Абэ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзан хамтын ажиллагаагаа бэхжүүлэх арга замыг хэлэлцэх аж.

 Мөн тэрбээр МАН-ын дарга М.Энхболдтой уулзахаар төлөвлөж байна гэж эх сурвалжууд мэдэгдлээ. М.Энхболд нь Монгол Улсын дараагийн ерөнхий сайд болох магадлал өндөр байна. Лхагва гарагт болсон бүх нийтийн сонгуульд тус улсын гол сөрөг хүчин болох МАН үнэмлэхүй ялалт байгуулсан билээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ