Олон улсын оюутны математикийн олимпиадад хүрэл медаль хүртсэн оюутанд хүндэтгэл илэрхийлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-09-13 16:55:23

Архангай /МОНЦАМЭ/. Энэ онд Болгар улсын Благоевград хотноо зохион байгуулсан Олон улсын оюутны Математикийн 27 дугаар олимпиадад оролцож, хүрэл медаль хүртсэн ШУТИС-ийн программ хангамжийн ангийн 4-р курсийн оюутан Б.Жамбад өнөөдөр аймгийн удирдлагууд хүндэтгэл илэрхийллээ.

Б.Жамба нь Эрдэнэбулган сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийг 2018 онд төгссөн. 2018 оны ЭЕШ-д математикийн хичээлээр 99.92 хувийн гүйцэтгэлтэй 800 оноо авч байжээ. 

Түүний амжилт нь олон улсын оюутны Математикийн олимпиадаас авч байгаа Архангай аймгийн анхны хүрэл медаль юм. Аймгийн зүгээс Б.Жамбад бүтэн жилийн сургалтын тэтгэлгийг гардууллаа.

Бэлтгэсэн багш Эрдэнэмандал сумын уугуул, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн В.Адъяасүрэн энэ үеэр хүрэлцэн ирж амжаагүй тул аймгийн удирдлага Улаанбаатар хотноо очиж биечлэн хүндэтгэл илэрхийлэх аж. 

Аймгийн Засаг дарга М.Батжаргал шагнал гардуулах үеэр аймгийн Математикийн багш нарын холбоонд талархал илэрхийлж, 2012-2016 онд хэрэгжиж байсан Математик хөтөлбөрийн үр дүнг онцолж байлаа. 

Холбоотой мэдээ