Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгчтэй биечлэн уулзахаас татгалзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-09-15 12:33:16

ЛОНДОН. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй саяхан утсаар ярих үеэрээ түүнд биечлэн уулзах санал тавьсан боловч Ши Жиньпин энэ саналыг хүлээж аваагүй гэж “Financial Times” сонин хоёр удирдагчийн ярианы талаар мэдээллэлтэй эх сурвалжуудаас эш татан мэдээлэв.


Эх сурвалжуудын мэдээлснээр, Байден Ши Жиньпинтэй 90 минутын турш ярилцахдаа дээд хэмжээний уулзалтыг нүүр тулан хийх санал тавьсан боловч зөвшөөрүүлж чадаагүй байна. Энэ нь "АНУ -ын хэд хэдэн албан тушаалтныг Бээжин Вашингтонтой "хатуу ширүүн тоглохоор" шийджээ гэдэг дүгнэлт хийхэд хүргэсэн" гэж эх сурвалжууд хэлжээ.


Сонинд бичсэнээр, “АНУ-ын Ерөнхийлөгч Америк-Хятадын харилцааг мухардлаас гаргах зорилгоор дээд хэмжээний уулзалт хийхийг Ши даргад санал болгожээ. Гэвч Хятадын дарга түүний саналыг хүлээж аваагүй бөгөөд хариуд нь Вашингтон Бээжинг чиглэсэн хатуу ширүүн өнгө аястай мэдэгдэл хийхээ тэвчих ёстой гэж мэдэгдсэн байна".


Бээжин ийм дээд хэмжээний уулзалт зохион байгуулах хүсэлгүй байгаагийн цаад шалтгааны талаар нэгдсэн дүгнэлтэд хүрч чадаагүй гэж эх сурвалжууд хэлжээ. Түүнчлэн үүний шалтгаан нь коронавирусний цар тахал байж магадгүй гэж үзэж байгаа аж. Ши Жиньпин 2020 оны нэгдүгээр сараас хойш улс орноосоо гараагүй юм. Тэрбээр цар тахал дэгдэхээс өмнө Мьянмарт айлчилсан билээ.


Харин АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден БНХАУ-ын дарга түүнтэй уулзахаас татгалзсан гэх дээрх мэдээллийг няцаажээ.


Хоёр орны удирдагчид Америкийн санаачилгаар энэ сарын 9-нд утсаар ярьсан бөгөөд Байденыг ерөнхийлөгчийн албан тушаалдаа орсноос хойш хоёр дахь удаагаа утсаар ярьсан нь энэ юм. Эхний удаад долоон сарын өмнө буюу хоёрдугаар сарын 10-нд ярьжээ.  


Холбоотой мэдээ