Төрийн Думын сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байхыг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-09-15 14:16:35

СТРАСБУРГ. /AFP/. Кремлийн дэглэм санал хураалт эхлэхээс өмнө сонгуулийн дүнг хулгайлсан тул Европын Холбоо болон Европын байгууллагууд энэ долоо хоногт болох ОХУ-ын Төрийн Думын сонгуулийн дүнг хууль ёсны гэж хүлээн зөвшөөрөхгүй байх зориг, нэгдмэл байр суурьтай байх ёстой гэж Европын парламентын депутат Андрюс Кубилюс нэгдсэн хуралдааны үеэр мэдэгджээ.


Тэрбээр ЕХ, ОХУ-ын улс төрийн харилцааны чиглэлүүдийн талаарх шинэ тайлангийн төслийг парламентын хуралдаанд оролцогчдод танилцуулсан байна.


 “Энэ амралтын өдрүүдэд ОХУ-ын Төрийн Думын сонгууль болно. Өнгөрсөн онд Лукашенко сонгуулийн дараа сонгуулийн дүнг хулгайлсан. Харин Путин сонгуулийн өмнө хулгайлахыг оролдож байна. Хамгийн чухал сөрөг хүчин эсвэл бие даан нэр дэвшигч 100 гаруй хүнийг сонгуульд оролцох эрхийг нь хассан. Бидний тайланд хэрэв сонгуулийг будлиантай, ардчилсан зарчим, олон улсын хуулийг зөрчсөн гэж үзвэл парламентын энэ сонгууль болон Оросын парламентыг хууль ёсны гэж хүлээн зөвшөөрөхгүй байхыг зөвлөж байна” гэж Европын улстөрч хэлжээ.


“Үүнтэй холбоотойгоор Европын институтүүдийн хувьд ирэх долоо хоног шалгалт болох бөгөөд Оросын сонгуулийг бүр эхнээсээ ардчилсан зарчим, олон улсын хууль тогтоомжийг зөрчиж зохион байгуулсан гэж хэлэхээс айх ёсгүй. Учир нь  яг ийм зүйл болж байгааг харуулах олон шинж тэмдгүүд байна” гэж тэрбээр цохон тэмдэглэсэн байна.


ОХУ-ын Төрийн Дум буюу парламентын доод танхимын сонгууль есдүгээр сарын 19-нд болох юм.


Холбоотой мэдээ