Удирдах ажилтнууд аймгийн ногоон байгууламж, бүтээн байгуулалтуудтай танилцав

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2021-09-16 17:24:38

Баянхонгор /МОНЦАМЭ/. Төрийн байгууллагын удирдлагууд орон нутагт хийж буй бүтээн байгуулалт, ногоон байгууламжуудтай танилцах богино аялалд хамрагдлаа. Аяллын хөтчөөр Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан ажиллаж, аймаг орон нутагт хийж хэрэгжүүлж буй ажил арга хэмжээ, цаашдын бодлого төлөвлөлтөө бодитоор танилцуулав.


5000 мкв талбайд шүршдэг зүлэг тариалжээ

Баянхонгор аймгийн төвийг цөлжилт, элсний нүүдлээс хамгаалах зорилгоор 2014 оноос Баянхонгор сумын 2, 3 дугаар багийн араар ойн зурвас байгуулах ажлыг эхлүүлсэн байдаг. Энэ хүрээнд Баянхонгор суманд 27 мянга гаруй мод тариалсан хэдий ч ургаж буй нь 8000 орчим байгааг холбогдох албанаас хэмжиж тогтоожээ. Тэгвэл энэ зун аймгийн ЗДТГ, "Баянхонгор тохижилт үйлчилгээ" ОНӨҮГ-аас тухайн ойн зурвас орчмыг хүн, мал амьтан орж сүйтгэхээс хамгаалах зорилгоор бүрэн хашаажуулан, усалгааны систем байгуулж, улмаар нөхөн тариалтыг явуулж байна.

Баянхонгор аймаг ногоон байгууламжаа нэмэгдүүлэх хүрээнд өнгөрсөн жил хуйлмал зүлэг, энэ онд шүршдэг зүлэг тариалах ажлыг туршилтаар хийж багагүй үр дүнг үзүүлээд байгаа юм. Тодруулбал, 2021 онд 5000 мкв талбайд шүршдэг зүлэг тариалахад үр дүн сайн буюу ургалт 100 хувь гарчээ. Иймээс ирэх онд өөрийн хөрс шороонд зохицсон шүршдэг зүлгийг 20 мянган мкв талбайд тариалахаар төлөвлөн бэлтгэл ажил болгон бор шороог шаардлагатай газруудад буулгаж тарааж байршуулаад байна.


Иж бүрэн усалгааны систем суурилуулав

Хайрга чулуу, элс ихтэй манай аймгийн хөрсөнд мод бут сөөг, зүлэг тариалахад байнгын усалгаа шаардлагатайг мэргэжлийн байгууллагаас тооцоолж, аймаг орон нутгийн удирдлагууд дэмжсэнээр Баянхонгор суманд инженерийн байгууламжтай гүн өрмийн 9 худаг гаргаж, иж бүрэн усалгааны системийг суурилуулжээ. Тухайн худаг, усалгааны цэгүүдэд дэд бүтцийн асуудлыг шийдэж эрчим хүчний шугамд холбоод байна. Ингэснээр ногоон байгууламжийн ургалт эрс сайжирсан байна.


Ногоон байгууламжын арчилгааг тусгайлан гүйцэтгүүлнэ

Төрийн байгууллагын ажилтнуудыг татан оролцуулж мод тариалах ажил Баянхонгор аймагт жил дараалан өрнөсөн ч байнгын арчилгаа, усалгаа байхгүйгээс тарьж суулгасан мод зүлэг ургалтгүй болох, хүн, мал амьтны санаатай болон санамсаргүй үйлдлээс ногоон байгууламж эвдэгдэх нөхцөл байдалтай өдөр бүр тулгарч байна. Иймээс  аймгийн ХХҮГ-тай хамтран ХНХЯ-ны Нийгмийн халамжийн сангийн төсөл хөтөлбөртэй уялдуулан 50-70 хүнийг тогтмол ажлын байраар ханган ногоон байгууламжийн арчилгаа, усалгаа, хамгаалалтыг хариуцуулан ажиллуулахаар төлөвлөжээ.


Оготнотой булаг орчмыг спорт, соёр амралтын хүрээлэн болгоно

Номгон хайрханы хаяа бэл Оготнотой булаг орчмыг хүүхэд залуус, гэр бүл, найз нөхөд, хамт олон, ахмадууд зэргээр бүх насны иргэдийн чөлөөт цагаа өнгөрөөх спорт, соёл амралтын хүрээлэн байдлаар ашиглахаар хөгжүүлж байна. Энэ онд зогсоолыг 100 машины зогсоолоор өргөтгөн, сүүдрэвч, тоглоомын талбай, явган хүний зам байгуулж, булаг орчмын хайс хамгаалалтыг сайжруулжээ. Мөн Крикетийн талбайг тохижуулж, хөл бөмбөгийн холбоотой хамтран  70х40 харьцаатай хөл бөмбөгийн талбайг байгуулаад дуусаж буй зэргээр бүтээлч, үр өгөөжтэй ажлууд өрнөж байгаа аж. Тун удахгүй хөл бөмбөгийн талбайн нээлтээ хийх бол ирэх онд элсний волейболын талбай, ХААН банк өөрийн нэрэмжит 3х3 сагсан бөмбөгийн талбайг байгуулах зэргээр иргэдэд эрүүл, ээлтэй орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Холбоотой мэдээ