Чойбалсан - ногоон хот

ФОТО МЭДЭЭ
167@montsame.mn
2021-09-16 16:33:26

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн төвийн айл өрхүүд, албан байгууллагуудын гаднах орчны цэцэрлэгжүүлэлт жилээс жилд сайжирч, хотын дүр төрхөд өнгө нэмж байна. Эмэгтэйчүүдийн байгууллагууд хамтран сүүлийн жилүүдэд олон нийтийн газруудад цэцэг, зүлэг ургуулах, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах, иргэдэд уриалах зэргээр идэвхтэй ажилласны үр дүнд ийнхүү дэвшил гарч байгаа гэхэд болно.

"Аймгийн эмэгтэйчүүдийн хөгжил" хөтөлбөр сүүлийн долоон жилийн хугацаанд Дорнод аймагт хэрэгжиж байгаа юм. Санаачлагчид энэхүү хөтөлбөрт "Байгаль ээж-Ногоон дэлхий" зорилтыг тусгаж, хүүхэд, гэр бүлд ээлтэй орчин бүрдүүлж, хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг сурталчилж иржээ. Түүнчлэн сүүлийн үед хүмүүсийн хашаа байшинд амьдрах сонирхол нэмэгдэх болсон. Хашаандаа хүнсний хэрэгцээгээ хангах зорилгоор олон төрлийн ногооноос гадна ховор төрлийн цэцэгс, жимсний мод бут тарьж ургуулдаг айлууд олон болжээ. Зуны улиралд хашаандаа цэцэг ургуулахаас гадна тарьсан цэцгээ гоёмсгоор боож бэлгэнд өгөх, өөрийн гараар ургуулсан тасалгааны цэцгээ найз нөхөддөө бэлэглэх сонирхол их болсон байна.