БНКУ тусгаар тогтносны 30 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэнг нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2021-09-23 11:37:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Казахстан Улс (БНКУ) тусгаар тогтносны 30 жилийн ойд зориулсан ном, гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт энэ сарын 22-нд боллоо.


Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Казахстан улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жалгас Адилбаев, “Монгол, Казахстан олон улсын тавцанд харилцан биенээ дэмжиж ирсэн. Тус улс Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх хурал (АХАИБХ)-ыг даргалж байгаа бөгөөд энэ оны 10 дугаар сард болох Гадаад харилцааны сайд нарын хуралд Монголын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг оролцоно гэдэгт итгэлтэй байгаа. Түүнчлэн ирэх сард Казахстанд “Уламжлалт болон дэлхийн шашны тэргүүн нарын их чуулган” болно. Үүнд Монгол Улсын шашны төлөөлөгч нар оролцохоор төлөвлөж байгаа. Энэ нь хоёр орны хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой.  Түүнчлэн энэ жил Женев хотод болох Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орнуудын Гадаад харилцааны сайд нарын чуулганыг Казахстаны удирдлага дор зохион байгуулах бөгөөд Монгол Улс өндөр түвшинд оролцоно гэдэг хүлээлттэй байгаа. Ирэх онд Монгол, Казахстаны дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохионо. Сүүлийн жилүүдэд хоёр орны улс төр,  соёл урлаг, боловсрол гээд бүх салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэсэн бүтээлч он жилүүд байлаа. 2019 онд Улаанбаатар-Нур-Султан, 2020 онд Улаанбаатар-Алматад шууд нислэг үйлдэх шийдвэр гарсан ч цар тахлын улмаас түр зогсоод байна. Цаашид авто тээвэр болон бусад тээврийг хөгжүүлэхээр нягт хамтран ажиллаж байгаа” гэлээ.


Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсаас Казахстан улсад сууж байсан Элчин сайд нар, яамдын төлөөлөгч нар, Монгол Улсад амьдарч буй казахстан иргэд оролцов.


Казахстаны Үндэсний баяр наадамд тооцогддог баяр бол Тусгаар тогтнолын өдөр байдаг бөгөөд баярын үеэр буюу жил бүрийн 12 дугаар сарын 16, 17-нд бүх нийтээр амардаг юм байна. Казахстаны анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев 1991 оны 12 дугаар сарын 16-нд “Бүгд Найрамдах Казахстан Улсын төрийн тусгаар тогтнолын тухай” Үндсэн хуульд гарын үсэг зуржээ. Н.Назарбаев тухайн оныхоо 12 дугаар сарын 1-нд бүх ардын анхны санал хураалтаар ерөнхийлөгчийн албан тушаалд сонгогдож байв. “Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Хасаг Улсын нэрийг өөрчлөх тухай” хуульд тэрбээр 12 дугаар сарын 10-нд гарын үсэг зурсан байна. 

Холбоотой мэдээ