Коронавирусний мутацлагдсан хувилбар хил дамжин тархах эрсдэлтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-09-25 13:27:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ оны эхнээс 9 дүгээр сарын 22-ныг хүртэлх хугацаанд Мэргэжлийн хяналтын байгууллагаас улсын хилээр орсон 182 864 тээврийн хэрэгсэл, 203 691 зорчигчид эрүүл мэндийн хяналт хийж, 18 355 тохиолдлыг тусгаарлан ажиглалтах байранд шилжүүлжээ.


Мөн хугацаанд зөөвөрлөгдсөн 638 тохиолдол батлагдсан ба хилийн нэвтрэх цэгт энгийн горимоор нэвтэрсэн 8818 зорчигчоос коронавируст халдвар илрүүлэх ПГУ шинжилгээг авахад 85 тохиолдол эерэг гарчээ. Үүнээс харвал  коронавирусний мутацлагдсан хувилбар хил дамжин тархах эрсдэл байсаар байна.


Хилийн боомтод ажиллаж буй хяналтын болон мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, хамтран ажиллах, улсын байцаагчдыг чадавхжуулах зорилгоор Мэргэжлийн хяналтын байгууллагаас “Улсын хилийн боомт, гүний хяналтын бүсэд КОВИД-19 халдвараас сэргийлэх, хариу арга хэмжээ авах” сэдэвт  цахим сургалтыг энэ сарын 23, 24-нд зохион байгуулжээ.  Уг сургалтыг ДЭМБ, ЭМЯ, ХӨСҮТ, ЗӨСҮТ,  Монголын халдваргүйтгэл,  ахуйн шавж, мэрэгчтэй тэмцэх холбоо  зэрэг мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулснаараа онцлог аж.




ДЭМБ-ын мэргэжилтэн, тархвар судлаач Б.Дуламрагчаа, Эрүүл мэндийн сайдын халдварт өвчин хариуцсан зөвлөх А.Амбасэлмаа, ЗӨСҮТ-ийн тархвар судлаач Ц.Энхбаяр, ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма, Улаанбаатар төмөр зам ХНН-ийн эрүүл ахуйн хяналтын хэлтсийн дарга С.Хонгорзул, МХЕГ-ын хорио цээр, стандартын хяналтын хэлтсийн дарга Т.Төмөрбаатар нар цар тахлын өнөөгийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, анхаарах асуудлын талаар мэдээлэл хийлээ. Мөн албаны бусад хүмүүс агаарын болон хуурай зам, хилийн боомт, гүний хяналтын бүс дэх хяналт, халдвар хамгаалал, анхаарах асуудлын талаар мэдээлэл хийж, хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.

Холбоотой мэдээ