“Ford” цахилгаан автомашины цэнэг хураагуурын үйлдвэр байгуулна

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2021-09-28 16:49:02

ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын автомашин үйлдвэрлэгч “Ford Motor” компани цахилгаан автомашины цэнэг хураагуурын гурван үйлдвэр байгуулахад долоон тэрбум ам.доллар зориулахаар болсноо даваа гарагт мэдэгджээ.


Тодруулбал, АНУ-ын Кентукки муж улсад хоёр үйлдвэр, Теннесси муж улсад нэг үйлдвэр байгуулна. “Ford” энэхүү төслөө БНСУ-ын цэнэг хураагуур үйлдвэрлэгч “SK Innovation” компанитай хамтран хэрэгжүүлэх ажээ.


Мөн Теннесси дэх үйлдвэрт цахилгаан автомашинуудыг угсарна. “Ford”-ын мэдээлснээр, эдгээр төлөвлөгөөний хүрээнд 11 мянган ажлын байр бий болох төлөвтэй байна.


Өнгөрсөн сард АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден 2030 он гэхэд шинээр худалдаалагдах автомашинуудын тэн хагасыг цахилгаан хөдөлгүүртэй болгох зорилт дэвшүүлсэн юм.


Тийнхүү “Ford”-ын хувьд ачааны машинуудынхаа цахилгаан загварын үйлдвэрлэлийг түргэтгэхээр төлөвлөж байгаа бол “General Motors” 2035 он гэхэд бензин, дизель хөдөлгүүртэй автомашин худалдаалахаа зогсооно гэдгээ мэдэгдээд байна. 

Холбоотой мэдээ