37 дугаар сургуулийн дулаан алдагдлыг бууруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2021-09-28 17:47:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НЗДТГ, Дэлхийн банктай хамтран “Улаанбаатар хотын Цэвэр агаар-Нэмэлт санхүүжилтийн төсөл”-ийг хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд энэ жил дулаан алдагдлыг бууруулахад голчлон анхаарч байгаа бөгөөд нэг сургууль, гурван цэцэрлэг, дөрвөн угсармал орон сууцны дулаан алдагдлыг бууруулахаар ажиллаж байна.



Үүний дагуу Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн дулаан алдагдлыг бууруулахаар дулаалгын ажлыг эхлүүлжээ. Тус сургууль нь байгуулагдсан цагаасаа хойш 40 жилийн хугацаанд дулаалга засварын ажил огт хийж байгаагүй тул өвлийн цагт сурагчид сэрүүн нөхцөлд хичээллэдэг байсан аж.

“Улаанбаатар хотын Цэвэр агаар-Нэмэлт санхүүжилтийн төсөл”-ийн зохицуулагч Н.Баяртогтох, “Дулаалгын ажил өмнө нь огт хийж байгаагүй тул 37 дугаар сургуулийг сонгон, төсөлдөө хамруулсан. Есдүгээр сард эхэлсэн дулаалгын ажлын засвар 10 дугаар сарын 10-нд бүрэн дуусаж, хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. Ер нь барилгын дулаан алдагдлыг бууруулснаар эрчим хүчний хэмнэлт үүсдэг. Эрчим хүчээ хэмнэснээр агаарт хаягдаж буй бохирдол багасдаг” хэмээв.


Энэхүү сургуулийн дулаан алдагдлыг бууруулах хүрээнд хэд хэдэн ажлыг хийж гүйцэтгэжээ. Тухайлбал, барилгын бүх цонхны резин жийргэвчийг солин, хуучны модон цонхнуудыг вакум цонхоор сольж, шинэчлэхийн сацуу зарим хаалгыг нь сольжээ. Түүнчлэн барилгын суурийн дулаалга, гадна фасадны дулаалга, дээврийн дулаалга зэргийг хийж байгаа аж. Одоогоор дулаалгын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа тухай төслийг гүйцэтгэгч “Лхатоном” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Төмөрбаатар ярилаа. Тэрбээр үргэлжлүүлэн “Сургуулийн дулаалгын ажлыг хийж гүйцэтгэснээр тухайн сургууль, цэцэрлэгүүд дулаан өвөлжих, хүүхдүүд аятай тухтай хичээллэх, дулааны эрчим хүчийг бага зарцуулах давуу талууд бий болно” хэмээв.


Төслийн талаар Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө, “Улаанбаатар хотын Цэвэр агаар-Нэмэлт санхүүжилтийн төсөл”-ийн хүрээнд маш олон хэрэгцээтэй, чухал ажлуудыг хийж байгаа. Сургууль, цэцэрлэгийн дулаалгын ажлаас гадна 83-р цэцэрлэгийг газрын гүний дулаанаар холбох ажлыг эхлүүлээд байна. Дараагийн чухал ажил бол гэр хорооллын айл өрхүүдийн гэрийн дулаалга юм. Гэр сууцаа дулаалан, дулаан алдагдлыг үгүй хийснээр түлш хэмнэх давуу талтай. Цаашдаа энэ төслийн хүрээнд олон чухал ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа” хэмээв.


Энэ жилийн хувьд Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянгол дүүргийн барилга, байгууламжуудыг дулаалах ажлыг хийж байгаа бол дараа жилээс хүн ам ихтэй, алсалсан бүс нутгийн сургууль, цэцэрлэг, угсармал орон сууцны дулаан алдагдлыг бууруулахад анхааран ажиллана гэдгийг онцолж байлаа.

“Манай сургууль энэ хичээлийн жилийг 2126 хүүхэдтэй эхлүүлээд байна. 40 жилийн хугацаанд ийм томоохон хэмжээний урсгал засвар хийж байгаагүй. Иймд манай сургуулийг сонгон, төсөлдөө хамруулж, дулаалгын ажил хийж байгаад сургуулийн багш, ажилчид, сурагчдын өмнөөс баярлаж байгаагаа илэрхийлж байна” хэмээн 37-р сургуулийн сургалтын менежер А.Цогтгэрэл ярилаа.


 

 

Холбоотой мэдээ