Элчин сайд З.Батбаярт чөлөөт бөхийн шигшээ багийнхан баяр хүргэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-10-01 09:12:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид Унгарын нийслэл Будапешт хотноо насанд хүрэгчдийн 2021 оны ДАШТ-ий бэлтгэлээ базааж байгаа бөгөөд түрүүч нь өнөөдөр Осло хотыг зорино.


Монгол Улсаас Унгар улсад суугаа Элчин сайд З.Батбаяр ДАШТ-д оролцох гэж буй багш дасгалжуулагчдыг хүлээн авч уулзан хүндэтгэл илэрхийлж, амжилт хүсэв. Элчин сайд З.Батбаяр лхагва гарагт Унгар улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Загалмайн гавьяаны II одонгоор шагнуулсан  билээ. Тус нэр хүндтэй шагналыг Монгол Улсаас хүртсэн анхны хүн болсон түүнд манай багш, дасгалжуулагчид хүндэтгэл илэрхийлж, “Токио-2020” олимпын наадмын хувцас, дурсгалын зүйлийг гардуулан баяр хүргэжээ.



Дунай мөрнийг зорьж очих, Будапешт хотоор өнгөрөх Монголын чөлөөт бөхийн төдийгүй Монголын их спортын олон тамирчдад үргэлж тус дэм болж байдаг эрхэм хүнд Монголын чөлөөт бөхийн холбооны өмнөөс баяр хүргэж, талархал илэрхийлэн ийнхүү хүндэтгэсэн байна.

Холбоотой мэдээ