Монголд үйлдвэрлэсэн модон эдлэлүүд чанараараа дэлхийд үнэлэгдлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-07-06 11:06:46

ФРАНКФУРТ. /woodman.furniture/. Монголчууд ур чадвараараа гайхуулсан нэгэн үйл явдал 6 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд ХБНГУ-ын Франкфурт хотноо боллоо. 29 дэх жилдээ зохион байгуулагдсан олон улсын аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн шилдгүүдийг тодруулдаг International Arch of Europe Award ёслолын ажиллагаанд Монгол Улсыг төлөөлөн Woodman Furniture компани оролцож, International Arch of Europe in the Gold Category буюу олон улсын чанарын Алтан цомын эзэн болсон байна.

Олон улсын энэхүү нэр хүндтэй шагналыг Монголын компани хүртсэн нь манай модон эдлэл үйлдвэрлэгчид ур чадвар, хийсэн бүтээгдэхүүнийхээ чанараар дэлхийд өрсөлдөхүйц хэмжээнд хүрсэн гэдгийг харуулсан үйл явдал боллоо. Чанарын шаардлага, стандартаараа дэлхийд тэргүүлдэг Европын Холбооны өндөр босгыг давж чадсан явдал нь Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн олон улсын зах зээлд гарахад хэдийнэ бэлэн болсон гэдгийг илтгэн харуулж байна.

International Arch of Europe арга хэмжээнд 40 гаруй улсын 70 гаруй нэр хүндтэй шилдэг байгууллагууд оролцсон юм. Өмнөх жилүүдийн шилдгүүдээс дурдвал, олон улсын банк санхүүгийн байгууллагын төлөөлөл болох ING group, ALCOA групп, WalMart зэрэг нэр хүндтэй байгууллагууд энэхүү шагналын төлөө өрсөлдөж, хүртэж байлаа. Өөрөөр хэлбэл, Монголоос энэхүү шагналыг хүртсэн нь эдгээр компаниудын түвшинд Монголын компани хүрч, үнэлэгдэж байгааг харуулсан хэрэг юм.

Бидэнд ойн сан дахь хаягдал модоо ашиглан тавилга үйлдвэрлэлээр дотоодын зах зээлээ хангах, цаашлаад дэлхийд өрсөлдөх бүрэн боломж бий. Өнгөрсөн онд явуулсан ойн сангийн нэгдсэн тооллогоор8 ойн сан дахь хаягдмал модны хэмжээ 240 сая шоо метр буюу 60-70 жилийн хэрэглээг хангах нөөцтэй болох нь тогтоогджээ.

Нөгөө талаас, жилд дунджаар 10 мянган айлын орон сууц, үйлчилгээний барилга шинээр ашиглалтад орж байгаа учраас үүнийг дагаад хаалга, цонх, тавилгын хэрэгцээ нэмэгдсэнээр энэ салбарын үйлдвэрлэгчид чадавхжиж байна. Үүний нэг жишээ бол Woodman Furniture юм.

2007 оноос эхлэн аж ахуйн нэгжүүд дотооддоо модон хавтан үйлдвэрлэх технологи нэвтрүүлж, өнөөдрийн байдлаар жилд 12 мянган шоо метр хавтан үйлдвэрлэх хүчин чадалтай нэг, 500 шоо метр хавтан үйлдвэрлэдэг 10 гаруй компанитай болсон бол 10 орчим иргэн, аж ахуйн нэгж 5500 шоо метр хавтан урд хөршөөс импортолж байна.

Хэрэв дотоодын зах зээлээ хамгаалж чадвал манай үйлдвэрлэгчид эх орны хэрэгцээг бүрэн хангаад зогсохгүй 10 гаруй тэрбум төгрөгийн хавтан экспортлох боломжтой гэсэн судалгааг Аж үйлдвэрийн яамнаас танилцуулж байсан билээ.

Х.Сарнай 

Холбоотой мэдээ