“Булганчууд 2021” өдөрлөг “Airag Day expo”-гоор эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ariunbold@montsame.gov.mn
2021-10-08 17:42:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Булган  аймгийн “Airag Day expo” өнөөдөр Сүхбаатарын  талбайд боллоо.


Уг экспо нь Булган аймгийн Засаг даргын тамгын газраас энэ сарын 10-ныг хүртэл зохион байгуулж буй “Булганчууд 2021” өдөрлөгийн эхлэл болж буй юм.


Өдөрлөгийн нээлтийн үеэр Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, “Энэхүү өдөрлөг нь Булган аймгийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, баялаг бүтээгчдээ дэмжих зорилготой. “Булганчууд 2021” өдөрлөгийн хүрээнд "Airag day expo"-гоос гадна гадаадаас Монгол Улсад суугаа Элчин сайд нартай уулзаж, Булган аймгийн хөгжлийн зорилт, гадаад  харилцааг өргөжүүлж хамтран ажиллах боломжийн талаар танилцуулахаар төлөвлөж байна. Мөн өнөөдөр “Их Монгол”-д Булган нутгийнхантайгаа уулзаж, аймгийнхаа хөгжлийн талаар ярилцана” гэв.


“Airag Day expo”-гийн үеэр айраг борлуулж буй зарим иргэнтэй уулзлаа.


Булган аймгийн  Гурванбулаг  сумын  иргэн  Г.Болдбаатар, “Би 30 гаруй гүү барьдаг. Өмнө нь айраг борлуулж байгаагүй. Энэ жил “Airag Day expo”-д анх удаа оролцож байгаа юм. Нутгаасаа  300  литр  айрагтай  ирээд өдөртөө дуусаж байна. Үүнээс  өдөрлөг  өргөн  цар  хүрээг  хамарч байгаа нь  харагдаж байна. Айргийг маш  олон  төрлийн  өвс  ургамал  иддэг  гүүний сүүнээс гаргаж авч байгаа гэдэг утгаараа коронавируст халдварын үед хүний  биеийн  эсэргүүцэл  сайжруулж,  ханиад томуунаас  хамгаалах ашиг тустай. Тиймээс айрагны   үйлдвэр байгуулбал, иргэд хямд үнээр айраг авах боломж бүрдэхээс гадна ажлын  байр  бий болох ач холбогдолтой” хэмээв.


Булган  аймгийн  Сайхан  сумын  малчин  Н.Лхагвасүрэн, “Нэг  литр  айргаа 7000  төгрөгөөр  зарж  байна. Айрганд  маш  олон  төрлийн  витамин  агуулсан  байдаг  болохоор  хүйтэн  сэрүүний  үед  халаагаад  уухад  их  тохиромжтой,  ханиад  хүрэхгүй‘’ хэмээн  зөвлөлөө.


Сайхан сумын малчин С.Ариунжаргал, “Манай сум олон адуутай. Тиймээс иргэдийн гар дээр цаг алдалгүй шинэ бүтээгдэхүүн хүргэхийн тулд олон адуутай сумаа түшиглэж Айрагны  үйлдвэр байгуулах хэрэгтэй” хэмээв.


Үзэсгэлэн худалдааны үеэр Булган нутгийн айраг, цагаан идээ, хурууд, хүнсний органик ногоо, жимс жимсгэнэ, нутгийн брэнд бүтээгдэхүүн худалдаж байна. Эдгээр өдөр үдэш бүр Их Монгол уушийн өргөө, Grand Khaan Irish Pub-д “Airag day festival”-ийг зохион байгуулна.

Ц.Мөнх-Уяа

Холбоотой мэдээ