Куньмины тунхаглал баталлаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
КУНЬМИН /CGTN/. Биологийн олон янз байдлын тухай НҮБ-ын конвенцид нэгдсэн улс орнуудын XV бага хурал буюу COP15-ын эхний үе шат БНХАУ-ын Куньмин хотод энэ өдрүүдэд болж байна. Энэ сарын 11-нд эхэлсэн уг хурал нь 15-нд өндөрлөх юм.
Энэхүү бага хуралд оролцогч талууд биологийн олон янз байдлын хямралыг зогсоохын тулд хүн төрөлхтөн ба байгаль зохицон орших, биологийн олон янз байдлыг хамгаалахын тулд дорвитой арга хэмжээ авахыг уриалсан агуулга бүхий “Куньмины тунхаглал”-ыг лхагва гарагт буюу өчигдөр баталсан байна. Энэ тунхаглал нь биологийн олон янз байдлын талаарх дэлхий дахины дагаж мөрдөх хамгийн сүүлийн үеийн баримт бичиг болж байна.
Уг тунхаглалд дурдсанаар, “газар/далайг зүй бусаар, хэтрүүлэн ашиглах, уур амьсгалын өөрчлөлт болон бохирдол” зэрэг нь биологийн олон янз байдал алдагдахад хүргэж буй гол хүчин зүйлс хэвээр байна.
Биологийн олон янз байдлыг хадгалж авч үлдэхийн тулд байгаль болон хүмүүс цаашид эв найртайгаар зохицон орших зөв арга замыг олох, байгалийн баялгийг зөв зохистой ашиглах, генетикийн нөөцөөс олсон ашиг шимийн тодорхой хувийг тогтвортой хөгжлийг дэмжихэд зориулж, шударга, тэгш хуваарилдаг болох дэлхий нийтийн нэгдсэн арга хэмжээг цаг алдалгүй авах шаардлагатай байгааг энэхүү баримт бичигт цохон тэмдэглэжээ.
Биологийн олон янз байдлын өнөөгийн алдагдлыг арилгах замд 2030 он гэхэд орж, 2050 он гэхэд “Байгальтай зохицон амьдрах” алсын харааг бүрэн хэрэгжүүлэхээ дэлхийн удирдагчид мэдэгдсэн байна.
Дэлхийн байгаль хамгаалах сангаас гарсан “Амьд Ертөнц-2020” тайланд дурдсанаар, өдгөө дэлхийн биологийн олон янз байдал урьд урьдынхаас илүү алдагдаад байна.
1970-2016 онд дэлхийн хөхтөн амьтан, шувуу, хоёр нутагтан, хэвлээр явагчид болон загасны тоо толгой 68 хувиар буурсан гэж тус сан мэдэгджээ.
Биологийн олон янз байдлыг хадгалах, алдагдлыг зогсоох чиглэлээр хөгжиж буй улс орнуудад санхүү болоод техник технологийн дэмжлэг үзүүлэх ажлыг өргөжүүлэхээ бага хуралд оролцогч улс орнуудын удирдагчид илэрхийлжээ.
Тухайлбал, БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ хуралд цахимаар холбогдон үг хэлсэн байна.
Ши Жиньпин хэлэхдээ “Хятад улс дэлхийн биологийн олон янз байдлыг хамгаалахын тулд Куньмины биологийн олон янз байдлын сан байгуулж, 1.5 тэрбум юань буюу 233 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ” гэжээ.
Энэхүү сан нь биологийн олон янз байдлыг хамгаалах чиглэлээр хөгжиж буй улс орнуудад дэмжлэг үзүүлэн ажиллана гэж Ши Жиньпин хэлээд, энэ санд хандив өгөхийг НҮБ-ын Биологийн олон янз байдлын тухай конвенцид нэгдсэн улс орнуудад уриалсан байна.
Мөн биологийн олон янз байдлыг хамгаалах хүчин чармайлтын хүрээнд Хятад улс үндэсний цэцэрлэгт хүрээлэнгүүд бүхий тусгай хамгаалалттай газар нутгийн тогтолцоог бий болгох ажлыг эрчимжүүлнэ гэж Ши Жиньпин цохон тэмдэглэжээ.
Тэрбээр цааш нь ярихдаа “Хүн ба байгаль эв найртайгаар зэрэгцэн орших хэрэгтэй. Хэрэв бид байгаль дэлхийгээ хамгаалахад илүү их анхаарвал байгаль бидэнд өгөөмөр хандах болно. Харин хүмүүс бид байгальтай зүй зохисгүй харьцаж, байгалийн нөөц баялгийг хайр найргүй ашиглавал байгаль биднийг өршөөлгүйгээр шийтгэнэ” гэжээ.
Экологийн соёл иргэншлийн хөгжлийг хүн ба байгаль хоорондын уялдаа холбоог зохицуулах “удирдамж” болгож, байгальд ээлтэй буюу “ногоон” хөгжлийн ашиг тусыг хамтдаа хүртэж, өндөр чанартай хөгжлийн шинэ аяллыг эхлүүлэхийн төлөө гар гараасаа хөтлөлцөж, хамтын хүчин чармайлт гаргахыг тэрбээр дэлхий дахинд уриалсан байна.