Хорватын Засгийн газар шатахууны үнийг хязгаарлах шийдвэр гаргажээ

Дэлхийд | Нийгэм
anudaritsagaan@gmail.com
2021-10-15 11:08:39

ЗАГРЕБ. /Reuters/. Хорватын Засгийн газар бензиний жижиглэнгийн үнийг литр тутамд 11.10 куна буюу 1.71 ам.доллар, дизель түлшний жижиглэнгийн үнийг литр тутамд 11.00 куна болгон хязгаарлах тухай тогтоолыг пүрэв гарагт гаргажээ.


Уг тогтоол 30 хоногийн турш хүчинтэй хэвээр байх юм.


“Энэхүү шийдвэр нь Хорватын Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний зах зээлийн тухай хуульд хамаарна. Засгийн газар дэлхийн зах зээлийн нөхцөл байдал, чиг хандлагыг ажиглаж, шаардлагатай бол нэмэлт арга хэмжээг авч хэрэгжүүлэх болно” гэж тус улсын Ерөнхий сайд Андрей Пленкович онцлон дурджээ.


“Худалдаачид газрын тосны бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн тухай тогтоол болон бусад тусгай журамд зааснаас өөр төлбөр, зардал шаардахгүй” гэж Эдийн засаг, тогтвортой хөгжлийн сайд Томислав Чорич хэлжээ.


Түүнчлэн ирэх 30 хоногийн хугацаанд шатахууны зах зээлын үнэ тогтворжино гэдэгт итгэж буйгаа Т.Чорич илэрхийлжээ.


Үүний зэрэгцээ тус улсын Засгийн газрын шийдвэрээр мягмар гарагт бензиний жижиглэнгийн үнийг литр тутамд 0.26 куна, дизель түлшний үнийг 0.4 куна буюу 0.06 ам.доллароор тус тус нэмжээ.

 

Холбоотой мэдээ