Шүүхэд хандаад чирэгддэг, цаг хугацаагаа алддаг байж болохгүй

ТОЙМ
n_sarchihg@yahoo.com
2021-10-18 14:20:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/.


2019 онд хийгдсэн Үндсэн хуулийн өөрчлөлт, мөн 2021  онд батлагдсан Монгол Улсын шүүхийн тухай хууль нь шүүхийн системд урьд өмнө хийгдэж байгаагүй томоохон өөрчлөлтийг авчирч байна. Үүний нэг илрэл нь өнгөрөгч баасан гариг буюу 10 дугаар сарын 15-нд болсон Шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагын алба хаагчдын Үндэсний анхдугаар чуулган юм.


Энэ чуулган дээр Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн  тавьсан “Шүүхийн шинэчлэл: бие даасан байдал, чиг үүрэг, хариуцлага” илтгэл олны анхаарлыг ихэд татсан юм. Хуулийн салбарынхны анхаарлыг татсан, асуудал хөндсөн, даацтай судалгаатай бүтээл боллоо хэмээн дүгнэжээ. Ингээд Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн 10 гаруй хуудас илтгэлээс товчлон хүргэж байна.


Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдал бол системийн шинэчлэлийн суурь тул баталгаатай хангах шаардлагатай


Хууль батлагдах нэг хэрэг. Харин хуулийг үзэл баримтлалд нь нийцсэн тэр агуулга, зарчмаар хэрэгжүүлэхэд бид ойлголтоо нэгтгэж, чиг хандлагаа зөв тогтооход хүчин чармайлт гаргаж ажиллах нь зайлшгүй.


Үндсэн хуулийн энэхүү өөрчлөлтөөс өмнө харамсалтай нь эрх зүйн соёл, улс төрийн хандлагын хувьд  шүүх эрх мэдэлд улс төрийн зарим оролцоог de facto хүлээн зөвшөөрч ирсэн. Ингэхдээ зарим нөхцөлийг бүр хуульчлан баталгаажуулж, шүүгчдийг шилж олох чиг үүрэгтэй Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн томилгоо улс төрийн нэг бүтцээс хамааралтай явж ирснийг бид мэдэж байгаа. Тэгвэл Үндсэн хууль дахь шүүхийн энэ удаагийн шинэчлэлээр шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдал, сахилга хариуцлагын асуудлыг улс төрийн нэг бүтцээс хамааралтай байдлыг халж, шүүхийн өөрийн оролцоо, удирдлагыг хангах шинэ загварыг бий болгоод байна.


Энэ удаагийн шинэчлэлийн дүнд шүүгчийг шилж олох ажлыг хариуцаж буй Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүний тэн хагасыг шүүгчид өөрсдөө Нийт шүүгчийн чуулганаас сонгох эрх зүйн үндэс бүрдсэн нь шүүхийн системд амин чухалд тооцогдох шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг сахин хангасан явдал мөн. Үүний хэрэгжилт одоо шүүгчдээс өөрсдөөс нь шалтгаална.


Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороог бүрдүүлэхэд нийт шүүгчид өөрийн удирдлагын бүтэц болох чуулганаараа дамжуулан оролцох, улмаар тэдэнд нэг дарга, нэг хүн биш, харин шүүгчид нийтээрээ хэлэлцэн шийдэж, үгээ дайж үүрэгжүүлэх, болохгүй бол эгүүлэн татаж огцруулах боломж бүрдсэн. Түүнчлэн анхан, давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн томилгооны тогтолцоог халж, Танхимын тэргүүн, Ерөнхий шүүгчийг тухайн шүүхийн шүүгчид дотроосоо сонгох эрх баталгаажлаа. Энэ бол шүүхийн хараат бус байдал, дотоод ардчиллыг бэхжүүлэхэд нэг алхам урагшилж буй үйл явдал мөн.


Цаашид шүүгчийн хараат бус байдалд сэтгэлгээний өөрчлөлт хэрэгтэй байна. Хамааралгүй ажиллах хууль зүйн үндэслэл Үндсэн хуульд болон Шүүхийн тухай хуульд чамлахааргүй бүрдлээ. Тиймээс шүүгчид нэр дэвших,  шат ахих зэрэгт улс төрийн болон шүүхийн зарим нэг эрх дархтай этгээдтэй холбогдож, түүгээр дамжуулан нөлөөлөх хууль бус үйлдэлд орон зай байх ёсгүй!


Шүүхийн бие даасан байдал эдийн засгийн баталгаагүй бол хэрэгжихгүй. Rule of Law Index буюу Эрх зүйг дээдлэх индексээр Монгол Улс дэлхийд одоогоор 57 дугаарт эрэмбэлэгдэж байна. Манай улсаас хойш эрэмбэлэгдсэн ОХУ,  Украйн, Турк зэрэг  улсад нэг хүнд ногдох шүүхийн төсөв нь жилд дунджаар 14 ам.доллар, харин манай улсын шүүхийн 2021 оны төсөв үүнээс хоёр  дахин бага буюу “нэг хүнд долоон ам.доллар” ногдож байгаа нь харамсалтай. Төсвийн ангиллаар авч үзвэл эдгээр улсын шүүхийн төсвийн 65 хувь цалин хөлсөнд, 11 хувь байрны арчилгаа, шинэ барилгад, долоон хувь шүүхийн зардалд, дөрвөн хувь  цахимжилтад, нэг хувь сургалтад, 12 хувь бусад зардалд зарцуулагдаж байна. Гэтэл манай улсын шүүхийн төсөвт хөрөнгийн зардал, барилга байгууламжид зарцуулсан мөнгө сүүлийн жилүүдэд шүүхийн өөрийн төсвийн нэг хувьд ч хүрэхгүй явж ирсэн.


“Шүүхийн төсөв” гэхээр шүүгчийн цалин, ширээ сандал төдий ойлголтоо хаяж, шүүхээр үйлчлүүлж буй иргэддээ зориулж буй хөрөнгө оруулалт гэж хармаар байна. Иргэд “шүүгч, хуульчидтай уулзах”, “асуудлаа шийдвэрлүүлэх эцсийн цэг” нь нөгөө л шүүхийн байр, танхим гэдгийг анхаарахгүй орхиж болохгүй.


Хууль болон Улсын Их Хурлын 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн “Шүүгчийн орон тоог шинэчлэн батлах тухай” тогтоолд зааснаар анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхүүдэд нийт 724 шүүгч ажиллах ёстойгоос өнөөдөр 205 шүүгчийн орон тоо дутуу ажиллаж байна. Ийнхүү орон тоо дутуугийн зэрэгцээ 2016 онд нийт 62 мянган хэрэг шийдвэрлэж байсан бол 2020 онд 89 мянган хэрэг шийдвэрлэж, харьцуулахад нийт шийдвэрлэсэн хэргийн тоо 43 хувиар өсөж, анхан шатны шүүхийн нэг шүүгч дунджаар


1.5 өдөрт нэг хэрэг, түүний ард гомдол, нэхэмжлэл гаргасан, татагдсан олон хүний амьдрал ахуйтай холбоотой асуудлыг шийдвэрлэж, ачаалал хүний үүрч болох чадамжаас хэтийдэн давлаа.


Эрх зүйн хөгжлийн төлөө хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах шаардлагатай




Хууль тогтоомжийн тоо өсөж,  байнга болон түргэн өөрчлөгдөж байгаа энэ цаг үед эрх зүйн ойлголт, түүний мэдээллийн системчлэлийг анхааралдаа авахгүй бол “эрх зүйн тодорхой байдал”-ын (Legal Certainty) зарчимд халтай байдал үүсч байна. Түүнчлэн хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын албаны хүмүүс зарим үед шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэлгүйгээр, нэг талаас тайлбарлаж, олон нийтийн шүүхэд итгэх итгэлийг ганхуулах боллоо.


Шүүхийн тухай шинэ хуулийн дагуу хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах чиг үүрэг, арга зүй тодорхой боллоо. Улсын дээд шүүх нэгт, хяналтын журмаар тодорхой хэрэг маргааныг хянан шийдвэрлэх замаар хууль хэрэглээний зөрүүтэй байдалд цэг тавих, хоёрт, шүүхийн шийдвэр, шүүхийн практикт тулгуурлан хууль тайлбарлах замаар хууль хэрэглээний нэгдмэл байдал тогтоох, улмаар “эрх зүйн тодорхой байдлын зарчим”-ыг хангах боломж бүрдэж байна.


Энэ удаагийн шүүхийн шинэчлэлийн дүнд арван жил зогссон хууль тайлбарлах ажил тодорхой хязгаартайгаар гацаанаас гарлаа.  Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.4 дэх хэсэгт Улсын дээд шүүх шүүхийн шийдвэр, практикт үндэслэн Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг гаргахаар зохицуулсан. Шинээр батлагдсан Шүүхийн тухай хуулиар Улсын дээд шүүхээс хуулийг тайлбарлах зарчим, зохицуулалт харьцангуй тодорхой болсон тул Улсын дээд шүүх цаашид зөвхөн шүүхийн шийдвэр, практикт тулгуурлан хуулийн тайлбарууд хийх үндэслэл тавигдлаа.


Шүүхийн үйлчилгээг чанаржуулахад хэрэг хянан шийдвэрлэх хуулиудад шинэчлэл хийх шаардлагатай




...Ирэх арван жилдээ бид “иргэн төвтэй шүүх”-ийг бий болгоход бүхий л анхаарлаа хандуулах ёстой. Энэ нь юуны өмнө иргэдэд чанартай шүүн таслах ажиллагаагаар үйлчилнэ гэсэн үг юм.


1/ Шүүн таслах ажиллагааны чанар бол үл хэмжигдэх ажил биш. Түүнийг тодорхойлдог, хэмждэг, үнэлдэг болох ёстой


Монгол Улсын шүүхийн тухай хуульд “шүүн таслах ажиллагааны чанар”-ын талаар хэд хэдэн заалт бий. Гэвч бид шүүн таслах ажиллагааны чанар гэдэгт юуг хамруулж, ямар шалгуур үзүүлэлтээр түүнийг хэмжих талаар тогтсон ойлголт алга.


...Бид шүүн таслах ажлын чанарыг хэргийн оролцогчидтой харилцах харилцаа буюу тэдэнд анхааралтай, “хүний эрхэм чанарыг хүндэтгэх ёс”-оор хандах энгийн ойлголтоос эхлээд “шүүхийн ажиллагаа”, “шүүхийн шийдвэр”, “хэрэг хянан шийдвэрлэх хугацаа”, “шүүгчийн мэргэшил, ур чадвар”, “хэргийн хөдөлгөөний удирдлага”, “зохион байгуулалт” зэргийг багтаасан цогц байдлаар авч үзэх нь зүйтэй.  


2/ Иргэдийн шүүхэд мэдүүлэх, шүүхээр эрхээ хамгаалуулах эрхийг баталгаатай эдлүүлэхийн тулд хэрэг хянан шийдвэрлэх хуулиудад эргэлтийн шинжтэй шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай


Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны сунжирсан процесст иргэд цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулж, сэтгэл санаа, тайван  байдлаа алдаж байгаагийн улмаас шүүхийн болон хуулийн байгууллагын үйлчилгээнд сэтгэл ханамжгүй байгаа нь нийтлэг үзэгдэл болоод байна. Тиймээс бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиудын шинэчлэлийг хүний эрхэд төвлөрөлтэй, оролцогчдод хүндлэлтэй, хугацаа, зардалд хэмнэлттэй байх зарчимд үндэслэн хийх ёстой. Иргэд хэрэг маргаанаа аль болох чирэгдэлгүй”, “хугацаа алдахгүй”, “үнэн зөв шийдвэрлүүлэх зорилгоор хуулийн байгууллагад ханддаг. Гэтэл бидэнд хандаад бүр их чирэгддэгцаг хугацаагаа алддагилүү төвөг үүсдэг байж болохгүй.


Шүүн таслах ажиллагааны журмыг үйлчлүүлэгчдээ үнэн, зөв тайлбарлаж, хууль, журмыг зохих ёсоор хэрэгжүүлдэг нэгэн байхад, эсрэгээрээ шүүн таслах ажиллагаанд зохиомол хүндрэл үүсгэж, хурал хойшлуулдгаараа гаршсан эрх зүйч, хуульчид байгаа нь нууц биш. Тиймээс хэргийн оролцогчид, өмгөөлөгчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эрхээ урвуугаар ашиглаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эцэс төгсгөлгүй хойшлуулж, иргэд болоод хууль зүйн систем бүхэлдээ цаг хугацаа, зардал мөнгө, сэтгэл зүйгээр хохирч байгааг процессын хуулиудад шинэтгэл хийх замаар хугацаа алдалгүй өөрчлөх шаардлагатай.


3/ Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого иргэн төвтэй шүүхийн тогтолцоог бий болгох, төлөвшүүлэхэд чиглэх ёстой


...Монгол Улсын шүүхийн системд хиймэл оюуныг ашиглах хэрэгцээ шаардлага, мөн боломжууд байна. Шүүхийн шийдвэрийн цахим хуудаст нийтэд  ил нээлттэй байгаа 380 гаруй мянган шүүхийн шийдвэрийн “ашиглалт”, “хайлт”, “хэрэглээ”-г төгөлдөржүүлж, хиймэл оюун руу “хөрвүүлэх”, хиймэл оюунаас гарах бүтээгдэхүүнийг “хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах”, мөн шүүхийн шийдвэр “гэнэтийн үзэгдэл” болдог байдлыг халах, “иргэд маргах асуудлынхаа шийдлийг урьдчилан тооцоолох”, улмаар “шүүхэд хандах эсэхээ шийдэх”, тэр хэрээр шүүхийн ачааллыг бууруулах хэрэгсэл болгон ашиглах боломжтой. Энэ нь өнөө маргааш шийдээд болчих ажил биш тул шүүхийн системд хиймэл оюуныг шат дараалалтай нэвтрүүлэх ажлыг одооноос эхлүүлэхийн тулд “Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого”-д шүүхийн системд хиймэл оюуныг хэрэглэх, ашиглах ёс зүй, зарчим, үе шат, хөрөнгө санхүүгийн төлөвлөлт, хүний нөөцийн хуваарилалт, шүүхийн байгууллагуудын оролцоо зэргийг шийдвэрлэн тусгах нь зүйтэй.

 

4/ Шүүхийг тойргийн зарчмаар болон дагнан байгуулах нь шүүхийн үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах, хүний нөөцөө зөв удирдах арга зам мөн


Өнөөдөр шүүхийг хэт жижиглэн байгуулж, шүүхийн орон тоог шүүх бүрэлдэхүүний тоотой тулган ажиллуулж, мөн олон шүүхэд сул орон тоонд сонгон шалгаруулалтыг зарлахгүй, эсхүл цаг алдан зарлах байдал хэвийн үзэгдэл болжээ.  Үүний улмаас тухайн шүүхийн шүүгч өвдөх, гачигдах, татгалзах зэрэг ямар нэг хүндэтгэх шалтгаанаар оролцох боломжгүй болоход хэрэг маргааныг шийдвэрлэх бүрэлдэхүүн дутаж, хэргийн хугацаа сунжрах, бүрэлдэхүүн дутуу шүүхэд түр томилолтоор ажиллах тохиолдол хэт олширч байгаа нь иргэдэд шүүхээр үйлчлүүлэхэд бэрхшээл үүсгэж, санхүү талаасаа төсөвт хэвийн бус зардлыг их үүсгэж байна. Шүүх байгуулах зарчим алдагдсанаас зарим нэг аймагт 18 шүүгчид зургаан Ерөнхий шүүгч ногдож байгаа тохиолдол ч байна. Энэ бүх нөхцөл байдлыг бид шүүхийг тойргийн зарчмаар байгуулах тохиолдолд зайлшгүй харгалзан үзэх ёстой.


Шүүхийн систем манлайлал, санаачилгаар цангаж, хариуцлага дутаж явж ирлээ




Иргэдийн шүүхэд итгэх итгэлийг дээшлүүлэхэд шүүгчийн мэргэшил, ур чадварыг тасралтгүй дээшлүүлэх асуудал чухлаар тавигдана. Улсын дээд шүүхийн дэргэд нийт шүүхэд үйлчлэх Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнг энэхүү хэрэгцээ шаардлагыг үндэслэн хуулийн дагуу байгуулсан.


Шүүхэд итгэх иргэдийн итгэлийг дээшлүүлэх нэг үндэс нь хуульч, шүүгч та бидний ажилдаа хандах хандлага, хариуцлагатай байдал мөн гэдгийг анхаарах нь зүйтэй.


Шүүх бүр өөр өөрийн онцлогт тохирсон, мөн бусад нь аваад суралцаж, нэвтрүүлж болох шинэлэг санаачилга нэвтрүүлэх замаар үйлчилгээгээ сайжруулах, өөрсдийн ажлын ачааллыг хялбарчилж зохицуулах, эцсийн дүнд шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг дээшлүүлэх шаардлагатай байна.


Шүүхийн тухай хуулиар Танхимын тэргүүн, анхан, давж заалдах шатны Ерөнхий шүүгчийг тухайн шүүхийн шүүгчид дотроосоо сонгох эрх баталгаажсанаар шүүхийн дотоод ардчиллыг бэхжүүлэх, Ерөнхий шүүгчийн чиг үүргийн агуулгыг “дарга” биш “манлайлагч” болгож өөрчлөхөд тустай алхам болсонЦаашид шүүхийн нэр хүндийг ахиулахад Ерөнхий шүүгчдийн идэвх, санаачилга чухал үүрэгтэй.


Хариуцлагатай ажилд хариуцлагагүй хандвал бид өөрсдөө шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг ноцтой аюулд унагах ажилд гар бие оролцож буй хэрэг болно гэдгийг сайтар тунгаах ёстой.


    Гэрэл зургийг | Б.Чадраабал


    Холбоотой мэдээ