Хилийн мэргэжлийн хяналтын албыг гаалийн байгууллагатай нэгтгэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-10-19 15:17:31
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн 25 хуулийн төсөл, УИХ-ын 3 тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ.


Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар, Засгийн газраас Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг татан авсан гэдгийг танилцууллаа. Ингээд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан төсөл санаачлагчийн илтгэлийг танилцуулав.


Засгийн газар ирэх оны төсвийн жилд гадаад худалдааг хөнгөвчлөх, экспортыг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг бий болгох, шинэчлэл хийхээр төлөвлөөд байгаа аж. Энэ хүрээнд гаалийн болон мэргэжлийн хяналтын байгууллагаас шаарддаг баримт бичгийн тоог бууруулах, биет үзлэг, шалгалтын давхардлыг арилгах, барааг улсын хилээр шуурхай нэвтрүүлэх зорилгоор хилийн мэргэжлийн хяналтын албыг гаалийн байгууллагатай нэгтгэхээр төлөвлөжээ.  


Энэ хүрээнд холбогдох 25 хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулсан бөгөөд эдгээр нь батлагдсанаар, гадаад худалдаа эрхлэгчийн гаалийн болон мэргэжлийн хяналтын байгууллагад бүрдүүлэн өгөх бичиг баримтын тоо багасна. Ингэснээр, тэдний улсын хилээр нэвтрүүлэх бараа бүтээгдэхүүний үзлэг шалгалтыг нэг дор, түргэн шуурхай хийх боломж бүрдэх юм. Улмаар бараа бүтээгдэхүүн улсын хилээр нэвтрэхэд шаардагдах цаг, зардал буурч, бизнес эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжийн ажилд дэмжлэг болно хэмээн тооцжээ.


Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүд болох “Алсын хараа-2050”, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Хуримтлалтай хүүхэд” арга хэмжээ хэрэгжүүлж, хүүхдийн хуримтлал бий болгоход зарцуулах тогтолцоог бүрдүүлнэ гэж тус тус заасан. Энэ дагуу нийгмийн халамжийн тогтолцоогоор дамжуулан олгож байгаа хүүхдийн мөнгөн тэтгэмжийг “Хуримтлалтай Монгол хүүхэд” хөтөлбөрт шилжүүлэхээр тооцож, Нийгмийн халамжийн тухай хуулийн зарим хэсэг, заалтыг хүчингүй болсон тооцох тухай, Ирээдүй өв сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүй өв сангийн 2022 оны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг мөн боловсруулныг Сангийн сайд танилцуулсан.


Төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн тогтолцооны шинэчлэлийг 2021 онд эхлүүлсэн бол 2022 оноос боловсрол, соёл урлаг, нийтийн биеийн тамирын байгууллагыг санхүүгийн хувьд хагас бие даалгаж, үр дүн, чанар, бодит гүйцэтгэлд үндэслэн санхүүжүүлэхээр төлөвлөж байна.


Төрийн албаны тухай хуульд, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн хэмжээ, сүлжээг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно гэж заасан.  Ийнхүү төрийн үйлчилгээний албан хаагчийн цалинг хатуу тогтоосноор тэдэнд гүйцэтгэлийн үр дүнгээр нь тооцож үндсэн цалинг нь нэмэгдүүлэх асуудал хязгаарлагдаж байгаа юм.  Иймд Төрийн албаны хуулиар эдгээр албан хаагчдын цалингийн доод хэмжээ, сүлжээг батлах эрхийг Засгийн газарт өгөх зохицуулалт хийх замаар асуудлыг шийдвэрлэх боломжтой хэмээн үзэж холбогдох төслийг боловсруулсан байна.


Хүүхэд хамгааллын үйлчилгээг хүргэх зураглал, жишиг тарифыг нарийвчлан тооцож санхүүжилтийг 2022 оноос оновчтой хуваарилах зорилгоор холбогдох зохицуулалтыг багтаасан журмыг хүүхэд хамгааллын болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батлах шаардлагатай байгаа тул Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулжээ. Хуулийн төсөл батлагдсанаар хүүхэд хамгааллын үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч  санхүүжилтийн үр ашиг, үр дүн дээшилнэ хэмээн үзсэн байна.


Засгийн газраас хэрэгжүүлж байгаа төвлөрлийг сааруулах, иргэдийг орон сууцжуулах бодлогын хүрээнд сангийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ажлыг эрчимжүүлэх зорилгоор Зээлийн батлан сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.


Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу Засгийн газар давхар даатгалын компанийг үүсгэн байгуулагчийнхаа хувьд төрөөс оруулах хувь нийлүүлсэн хөрөнгө болон даатгалын хохирлыг нөхөн төлөхөд зориулсан Алдагдлаас хамгаалах санг бүрдүүлэн ажиллаж байна. Энэхүү зохицуулалт нь шинээр байгуулагдсан компанийг санхүүгийн хувьд тогтворжих хүртэл Засгийн газраас дэмжлэг олгож байсан бөгөөд тус компанийн санхүүгийн тайлангаас харахад сүүлийн 4 жилд нийт 16.9 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна. Иймд даатгагчийн эрсдэл хүлээх түвшнээс давсан эрсдэлийн дээд түвшин дэх давхар даатгалын хураамжийг Давхар даатгалын компанид өөрт нь хариуцуулах зорилгоор Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан гэв.


Түүнчлэн 2022 оны төсвийн жилээс боловсролын шинэчлэлийг ирэх онд хэрэгжүүлж эхлэхтэй холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны сайдын эрхлэх асуудлын хүрээнд Боловсролын ерөнхий газар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийг, цөлжилтөөс сэргийлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг зохицуулалтаар хангах зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын харьяа Ойн судалгаа, хөгжлийн төвийг өөрчлөн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн судалгаа, хөгжлийн газар болгон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эрхлэх асуудлын хүрээнд тус тус байгуулахаар төлөвлөж, тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулахаар төслийг боловсруулсан байна.  


Засгийн газрын гадаад зээл, тусламж авах, хэлэлцээр байгуулахтай холбоотой харилцааг нарийвчлан зохицуулах, мөн гадаад улс, олон улсын байгууллагаас авах өрийн хэрэгсэл болон зээл тусламжийн хөрөнгийг авч ашиглах зориулалт нэмэгдсэн тул Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулснаа Сангийн сайд Б.Жавхлан танилцуулсан. Түүнчлэн Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг /Цаашид “стратегийн баримт бичиг” гэх/-ийн зорилтуудыг үндэслэн Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан байна.


Монгол Улсын Их Хурлын 2021 оны 74 дүгээр тогтоолоор “Төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой хуулийн этгээдийн засаглал, ногдол ашиг төвлөрүүлэх бодлогыг боловсронгуй болгож төсвийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн талаарх эрх зүйн орчныг шинэчлэх хууль тогтоомжийн төслийг Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганаас өмнө өргөн мэдүүлэх”, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн 5.2.19-т “Төрийн компанийн засаглалыг сайжруулж, үр ашгийг нэмэгдүүлэн, өмч хувьчлалыг үе шаттай, үр дүнтэй явуулна” гэж тус тус заасныг үндэслэн “Төсөв батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулжээ. Орон нутгийн хөгжлийн сангийн эх үүсвэр, зохицуулалтын хуваарилалтыг оновчтой болгох зорилгоор Төсвийн тухай болон Газрын тосны тухай хуулийн нэр томьёоны зөрүүг арилгахаар Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус боловсруулсан байна.


Сангийн сайд Б.Жавхлангийн танилцуулсан илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Б.Пүрэвдорж, Ж.Батжаргал, Ч.Хүрэлбаатар нар асуулт асууж, Сангийн сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд болон ажлын багаас хариулт, тайлбар авав. Төслүүдийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батжаргал үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх санал хураалтыг нэгбүрчлэн явуулсан. Ингээд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Холбоотой мэдээ