Нээлттэй Засгийн түншлэлийн хүрээнд хэвлэл мэдээллийн эрх зүйн орчныг сайжруулах санал гарав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2021-10-19 16:18:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нээлттэй Засгийн түншлэлийн хүрээнд иргэн, ТББ, ААН, төрийн хамтын зорилтыг 2021-2023 онд хэрэгжүүлэх “Үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө-IV” төслийг боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн ээлжит хурал боллоо.

Манай улс дэлхийн 78 улс орны сайн дурын олон талт санаачилга болох Нээлттэй Засгийн түншлэлд 2013 онд нэгдэн орсон юм. Ингэснээр Монгол Улсын Засгийн газар нь нээлттэй, ил тод, хариуцлагтай засаглалыг бэхжүүлэх зорилтын хүрээнд иргэд, ААН-үүдэд үзүүлэх төрийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй болгох, төрийн төв болон нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд иргэд, олон нийтээс гаргаж буй санал, санаачилгыг дэмжих замаар тэдний оролцоог нэмэгдүүлэх юм. Энэ нь хүнд суртал, дарамт чирэгдэл, авлигаас ангид байх, төрийн үйлчилгээнд шинэ дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлж бүрэн цахимжуулах манай төр, засгийн зорилгод нийцэж буй.

Нээлттэй Засгийн түншлэлийн гишүүн орны хувьд Монгол Улс нь төрийн үйлчилгээ нээлттэй, ил тод, иргэдийн оролцоотой, инновацыг дэмжсэн, эрүүл, аюулгүй нийгмийг бүрдүүлэхэд чиглэсэн байх зарчмыг хэвшүүлэх тодорхой зорилт тавин ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд “Үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө-I, II, III-ыг 2 жил тус бүр үе шаттайгаар хэрэгжүүлээд байна.




Төлөвлөгөөний төслийг боловсруулж, танилцуулах дэд ажлын хэсгийн даргаар Ерөнхий сайдын зөвлөх, хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа, дэд даргаар “Гэрэлт гариг” ТББ-ын гүйцэтгэх захирал А.Баянмөнх ажиллаж, гишүүдэд иргэн, ТББ, ААН, төрийн 20 гаруй төлөөлөл бүхий иргэн сайн дурын үндсэн дээр нэгдэн ажиллаж байна

2021-2023 онд хэрэгжүүлэх “Үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө-IV”-ийг боловсруулахаар оролцогч талууд салбар тус бүр 3 удаагийн хурлыг өнгөрсөн 7 хоногт зохион байгуулаад байна. Төрийн 35 байгууллагын төлөөлөл, МҮХАҮТ-ын гишүүн ААН, мэргэжлийн холбоод, ТББ-ын 30 гаруй төлөөлөл, мөн 170 орчим иргэний оролцоотойгоор эхний санал, хүсэлтийг авч Нээлттэй Засгийн түншлэлийн шалгуураар дахин үнэлэн эрэмбэлэх ажлыг ажлын хэсэг хийж байна. Энд оролцогч талуудаас гарсан хамгийн их давтагдаж буй саналуудад:

  • төрийн шударга байдлыг нэмэгдүүлэх,
  • төсвийн ил тод байдлыг хангах,
  • төрийн худалдан авалтын үйл ажиллагааг цахимжуулж, ил тод болгох,
  • эрдэс баялгийн салбар дахь ашиг хүртэгч эцсийн өмчлөгчийн ил тод байдлыг хангах,
  • төрийн үйлчилгээ болон мэдээллийг цахимаар иргэдэд нээлттэй, хүртээмжтэй, ойлгомжтой байдлаар хүргэх,
  • төр-иргэн-хувийн хэвшлийн тэгш оролцоог бий болгох,
  • ногоон эдийн засгийг хөгжүүлэх,
  • хэвлэл мэдээллийн эрх зүйн орчныг сайжруулах,
  • байгаль орчны нөхөн сэргээлт, үнэлгээ хийх зэрэг нийт 34 саналыг нэгтэн танилцуулж хэлэлцэв.

Цаашид дээрх 34 саналыг багцлан Түншлэлийн зарчим, шалгуур, зорилтод тулгуурлан эрэмбэлж олон нийтэд танилцуулан цахимаар дахин саналыг авахаар ажлын хэсэг төлөвлөжээ.




Холбоотой мэдээ