Байт харвааны төлөөллийг Нийслэлийн ИТХ-ын дарга хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-10-19 17:33:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Монголын байт харвааны холбоо /МБХХ/-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч С.Эрдэнэболд тэргүүтэй төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзав.


Энэ үеэр байт харвааны спортыг хөгжүүлэх, жилийн аль ч үед энэ спортоор хичээллэдэг тамирчид бэлтгэл хийх боломж бүхий зориулалтын заал, бэлтгэлийн төв бий болгохтой холбоотой дэд бүтцийг сайжруулах талаар ярилцжээ. Мөн МБХХ-ны газартай холбоотой үүсээд буй нөхцөл байдлыг холбооны удирдлагууд танилцуулж, Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд хандсан юм.


Жар гаруй жилийн түүхтэй Монголын байт харвааны спортоор манай тамирчид тив, дэлхий, олимпын наадамд амжилт үзүүлж ирсэн бөгөөд Монголын спортын топ төрөлд багтдаг юм.


Олон улсын стандартад нийцсэн байт харвааны “360” талбайг 2018 онд барьж, ашиглалтад оруулсан бөгөөд энэ нь монголчуудын үндсэн спортын хөгжилд нэг шинэ алхам болж байв. МБХХ-ны Дэд ерөнхийлөгч С.Эрдэнэболд “Олимпын наадам болон тив, дэлхийн гол тэмцээнүүд холын зайд буюу 70 метрт явагддаг. Иймээс шигшээ багийн тамирчид тухтай орчинд тогтмол бэлтгэл хийх боломжийг бүрдүүлэх үүднээс орчин үеийн стандартад нийцсэн бэлтгэлийн төв байгуулах шаардлагатай” гэдгийг онцлов. Мөн байт харвааг бүх  нийтийн спорт  болгон  хөгжүүлэх бүрэн боломжтойг онцолж байсан юм.

Холбоотой мэдээ