“Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах” төсөл Сэлэнгэ аймагт 2024 он хүртэл хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-10-19 22:26:58

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Өнөөдөр Сэлэнгэ аймагт “Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах” (сртийм) төслийг албан ёсоор эхлүүллээ.

Стрийм төсөл нь “Монгол Улсад хүнсний тогтолцоо, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд шинэлэг, тогтвортой, ландшафтын түвшний менежментийг хэрэгжүүлэх чадавхыг нэмэгдүүлэх” зорилготой юм.

Энэхүү төсөл нь Сэлэнгэ аймгийн Ерөө, Жавхлант, Мандал сум, Хэнтий аймгийн Биндэр, Баян-Адарга, Өмнөдэлгэр суманд 2021 - 2024 он хүртэл 3 жилийн хугацаатайгаар хэрэгжих аж. Уг төслийг Европын холбоо болон ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (BMZ)-ны хамтарсан санхүүжилттэйгээр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран хэрэгжүүлж байна.

Сэлэнгэ аймагт хийсэн албан уулзалтын үеэр оролцогч байгууллагын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, уялдаа холбоо, цаашдын хамтын ажиллагааны талаар нягт хэлэлцлээ. Түүнчлэн, айлчлалын үеэр орон нутгийн удирдлагуудын зүгээс эл төслийг хэрэгжүүлэхэд бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Дээрх үйл ажиллагааны хүрээнд Европын Холбооноос Монгол Улсад суух Элчин сайд эрхэмсэг хатагтай Аксель Никэйз, Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд эрхэмсэг ноён Ёорн Розенберг, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн Суурин төлөөлөгч Даниел Пассон, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгч ВинодАхужа, Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-ны төлөөлөгчид, Каритас Чех Репаблик байгууллагын суурийн төлөөлөгч болон Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Үндэсний захирал нарын хамтаар Сэлэнгэ аймагт албан айлчлал хийлээ. 


Холбоотой мэдээ