Эмнэлгийн тоног төхөөрөмжийн өнөөгийн байдлын тухай хэлэлцүүлэг болов

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2021-10-20 22:37:45
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Эмнэлгийн тоног төхөөрөмжийн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний тухай” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд боллоо.


Тус хэлэлцүүлгийг УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо, Эрүүл мэндийн яам, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран зохион байгуулсан юм. 


УИХ-ын гишүүн, Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн төслийг байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын багийн ахлагч Ж.Чинбүрэн тус хэлэлцүүлгийг нээж үг хэлэхдээ хуулийн төслийн талаар товч танилцуулав. 

    Тэрбээр, УИХ-аас 2010 онд баталсан Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, 2014 онд баталсан Төрөөс эмийн талаар баримтлах бодлого нь эмзүйн салбарын хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэхэд тодорхой үүрэг гүйцэтгэж ирсэн. Гэвч өнөөгийн хурдацтай өсөн тэлж байгаа эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжийн тогтолцоотой уялдуулах, эмийн чанар, аюулгүй байдал, зохистой хэрэглээнд тавих шаардлагыг нэмэгдүүлэх, хангамжид оролцож байгаа хуулийн этгээд, иргэний хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой болгох, зарим нэр томьёо, ойлголтыг оновчтой зөв  тодорхойлох, тулгамдсан асуудлуудыг зохицуулах үүднээс эрх зүйн орчныг шинэчлэх зайлшгүй шаардлага байгаа юм.


Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн төсөл нь өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 25 хэсэг, заалтыг хэвээр үлдээж, 167 хэсэг, заалтыг өөрчилж, 163 хэсэг, заалтыг шинээр нэмж боловсруулан, хуулийн 80 хувийг шинэчилсэн.

Энэ хуулийн төсөл нь хүн ам, эрүүл мэндийн байгууллага, мал эмнэлгийг эмчилгээний өндөр идэвхтэй, аюулгүй, чанарын баталгаатай эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүнээр тасралтгүй, жигд, хүртээмжтэй хангах, зохистой хэрэглээг төлөвшүүлэхтэй холбогдсон нийтлэг харилцааг зохицуулахад чиглэгдсэн бөгөөд хуулийн төсөл 6 бүлэг, 31 зүйл, 187 хэсэг, 240 заалт, дэд заалттай юм.


Хуулийн төсөлд эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүн, эрүүл мэндийн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангахад оролцох байгууллагын үүрэг хариуцлагыг тодорхой зааж өгсөн бөгөөд эмнэлгийн хэрэгслийг эрсдэлээр нь бага, дунд, өндөр эрсдэлтэй гэж ангилах, эм, эмнэлгийн хэрэгслийг эргүүлэн татах, буцаах эрх зүйн орчныг шинээр бий болгож байгаа. Эмнэлгийн тусламж үйлчилгээний эрэлт хэрэгцээ, өртөг, үр дүн, олон улсын эмчилгээ, оношилгооны удирдамжид нийцүүлэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хэрэглэх эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүнийг сонгох үүрэгтэй орон тооны бус Сонголтын хороог эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дэргэд ажиллуулахаар хуулийн төсөлд тусгалаа.

Хүн амын худалдан авах боломж, эмийн хүртээмж, төсвийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор эм, өндөр өртөгтэй эмнэлгийн хэрэглэгдэхүүн, эмийн шууд болон нэгдсэн худалдан авах ажиллагааг эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний хяналт, зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагааас ирүүлсэн саналыг үндэслэн Засгийн газрын худалдан авах ажиллагааны  асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага зохион байгуулснаар худалдан авах ажиллагааны үр ашгийг сайжруулах ач холбогдолтой гэж үзэж байна. Нэгдсэн худалдан авах ажиллагаагаар худалдан авсан эм, өндөр өртөгтэй эмнэлгийн хэрэглэгдэхүүнээр хүн амд эрүүл мэндийн байгууллага өмчийн хэлбэр харгалзахгүйгээр үйлчилгээ үзүүлэх зохицуулалтыг мөн тусгасан. 


Хуулийн төсөлд “эмнэлгийн хэрэглэгдэхүүн” гэж хүн, мал, амьтныг өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношлох, шинжлэх, эмчлэх, хянах, биеийн бүтэц, үйл ажиллагааг дэмжих, орлох, сэргээн засахад хэрэглэгддэг бүтээгдэхүүн, эмнэлгийн тоног төхөөрөмж, түүний программ хангамжийг хэлнэ гэсэн нэр томьёог шинээр оруулаад байна. Эмнэлгийн хэрэглэгдэхүүнд эмнэлгийн тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмжийн сэлбэг, дагалдах хэрэгсэл, суулгац, протез, лабораторийн оношилгооны хэрэгсэл, гоо заслын эмнэлгийн хэрэгсэл багтах бөгөөд эмнэлгийн тоног төхөөрөмж, эмнэлгийн тоног төхөөрөмжийн сэлбэг, дагалдах хэрэгсэл, суулгац, протез, лабораторийн оношилгооны хэрэгсэл, гоо заслын эмнэлгийн хэрэгсэл гэсэн нэр томьёог хуулийн төсөлд шинээр тусгаж өгсөн юм. 


Эрүүл мэндийн салбарт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2019 онд 10.1 тэрбум, 2020 онд 38.5 тэрбум, 2021 онд 12.6 тэрбум, төсвийн тодотголоор 110 тэрбум /ковид-19 цар тахлын өвчлөлтэй холбогдуулан/ төгрөгийг тоног төхөөрөмж худалдан авахаар зориулан баталсан бөгөөд Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төсөлд 17.8 тэрбум төгрөгийг тусгаад байна.

Хэдийгээр жил бүр ингэж улсын төсөвт олон тэрбум төгрөг тусгаж, хөрөнгө оруулалтаар тоног төхөөрөмж худалдан авч байгаа хэдий ч өнөөдөр эрүүл мэндийн салбарт тоног төхөөрөмж хангалтгүй хэвээрээ, орон орны эрээвэр, хураавар тоног төхөөрөмжүүдтэй, шаардлагатай сэлбэг, дагалдах хэрэгсэл хомс, засвар үйлчилгээ хангалтгүй, урсгал зардлын төсөв шийдвэрлэгдээгүй гээд толгой өвтгөм асуудлууд байсан хэвээр л байна. 


Өнөөдрийн байдлаар Монгол Улсад ашиглаж байгаа 2790 нэр төрлийн эмнэлгийн нийт тоног төхөөрөмжийн 40 гаруй хувийг БНХАУ, 16 хувийг АНУ, 12 хувийг БНСУ, 7 хувийг Герман Улс, үлдсэн хувийг Малайз, Япон, Индонез, Энэтхэг, Тайланд зэрэг 10 гаруй орноос нийлүүлж байгаа гэсэн судалгаа гарсан. Тоног төхөөрөмжийн хувьд нэг төрлийн тоног төхөөрөмжийг 1 улсаас, сэлбэг хэрэгсэл, зөвлөх үйлчилгээтэй, баталгаат засвартай нь гэрээ хийж авах нь зүйтэй гэсэн саналыг ажлын хэсгийн гишүүд гаргаж байсныг энд дурдъя.

Монгол Улсын Их Хурлаас 2006 онд баталсан Санхүүгийн түрээс /лизинг/-ийн тухай хуульд ашиглалтын явцад үндсэн шинж чанараа алддаггүй, үндсэн хөрөнгөд хамаарах биет эд хөрөнгийг гэрээний үндсэн дээр тодорхой хугацаанд, төлбөртэйгөөр түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх тухай заасан байдаг. Энэ хуульд заасны дагуу эмнэлгийн өндөр өртөгтэй техник, тоног төхөөрөмжийг түрээсийн хэлбэрээр ашиглах нь эрүүл мэндийн салбарт төсөв, мөнгө хэмнэх төдийгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ, оношилгоог цаг алдалгүй, тасралтгүй, хэвийн явуулах давуу талтай гэж үздэгээ энд онцлон тэмдэглэе. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл эрүүл мэдийн салбарт Санхүүгийн түрээсийн тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй явж ирлээ.


Эмнэлгийн тусламж, үйлчилгээнд орчин үеийн анагаах ухааны дэвшилтэт техник, тоног төхөөрөмж, технологийг цаг алдалгүй нэвтрүүлснээр иргэд оршин суугаа газартаа бүрэн оношлогдох, эмчлэгдэх боломжийг бүрдүүлж чадна гэдэгт итгэлтэй байна.

Улсын Их Хурлын гишүүд хуулийн төслийг олон талаас нь нягт нямбай хэлэлцэж, батлан гаргаснаар эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүн, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах, зохистой хэрэглээг төлөвшүүлэх, хангамж хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авснаас үүдэн ядууралд хүргэхээс сэргийлэх, цаашилбал амьдралын чанарыг дээшлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх болно гэдэгт итгэлтэй байна гэв. 

    Хэлэлцүүлэгт мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен оролцож, үг хэлэн, байр сууриа илэрхийллээ. Үргэлжлүүлэн “Эмнэлгийн тоног төхөөрөмжийн хангамж, хүртээмж, санхүүжилт болон төрийн зохицуулалтын өнөөгийн байдал”, “Эмнэлгийн тоног төхөөрөмжийн талаар олон улсад баримталж буй бодлого, зохицуулалт”, “Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн төсөлд эмнэлгийн тоног төхөөрөмжийн талаар хэрхэн тусгасан тухай” сэдвүүдээр холбогдох байгууллагын албан тушаалтнууд илтгэл тавив. Илтгэлүүдтэй холбогдуулж, мөн Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн төсөлд санал авах зорилгоор оролцогчдын асуусан асуултад Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэн хариулт, мэдээлэл өгөв.  Хэлэлцүүлэгт эрүүл мэндийн бүх шатны байгууллагын төлөөлөл танхим болон цахим хосолсон хэлбэрээр оролцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Холбоотой мэдээ