Хүүхдийн эсрэг гэмт хэрэг өсөж, дээрмийн гэмт хэрэг буурчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-10-21 16:12:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ноднингийн мөн үеийнхтэй харьцуулбал, энэ оны 3-р улиралд хүүхдийн эсрэг гэмт хэрэг 2.1 дахин өсөж, дээрмийн гэмт хэрэг 48.2 хувиар буурчээ.


ШЕЗ-өөс өнөөдөр зохион байгуулсан “Нээлттэй шүүх” хэвлэлийн хурлаар, Монгол Улсын шүүхийн энэ оны эхний 3 улирлын шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг Мэдээллийн технологи, хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Э.Амарсанаа, Шүүхийн статистик хариуцсан референт Э.Ганцэцэг нар танилцуулсан юм. 


Монгол Улсын шүүх энэ оны 3 дугаар улиралд 62138 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэжээ. Анхан шатны шүүхүүд эрүүгийн 8668, иргэний 29 970, захиргааны 1222 хэрэг, зөрчлийн 15 857 нийт 55717 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж, 15 980 хүн, 61 хуулийн этгээдэд ял шийтгэл оногдуулж, 1107 хүнийг хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллаж хяналт тогтоох болон ялаас чөлөөлж, 1020 хүнд цагдан хорих арга хэмжээ авч, 1436 хүний цагдан хорих хугацаа сунгажээ.




Түүнчлэн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээнээс харахад, улсын хилээр хууль бусаар бараа нэвтрүүлэх гэмт хэрэг, дээрмийн гэмт хэрэг хамгийн их хувиар буурчээ. Үүнд:

  • Хүний аминд хүрэх гэмт хэрэг 53 хэргээр буюу 26.9 хувиар,
  • Бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг 1047 хэргээр буюу 23.4 хувиар,
  • Хулгайн гэмт хэрэг 484 хэргээр буюу 35.6 хувиар,
  • Дээрмийн гэмт хэрэг 105 хэргээр буюу 48.2 хувиар,
  • Малын хулгайн гэмт хэрэг 131 хэргээр буюу 38.3 хувиар,
  • Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 234 хэргээр буюу 29.4 хувиар,
  • Залилангийн гэмт хэрэг 51 хэргээр буюу 8.2 хувиар
  • Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх хэрэг 25-аар буюу 75.8 хувиар тус тус буурсан байна.



Харин энэ оны эхний 3-р улиралд анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн нийт хэргээс дараах төрлийн гэмт хэрэг өссөн байна.

  • Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 27 хэргээр буюу 16.8 хувиар,
  • Хахууль авах гэмт хэрэг 4 хэргээр буюу 14.8 хувиар,
  • Хүүхдийн эсрэг гэмт хэрэг 10 хэргээр буюу 2.1 дахин,
  • Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт 2 хэргээр буюу 25 хувиар тус тус өссөн байна.

Холбоотой мэдээ