Монгол дахь хөрөнгө оруулалтад урт хугацааны тогтвортой байдал хэрэгтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2021-10-22 14:35:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Монгол Улсад гадаад хөрөнгө оруулалт хэрэгтэй гэж үзэж байгаа бол эдийн засаг, бизнесийн орчинд төр, засгийн урт хугацааны тогтвортой бодлого шаардлагатай гэдгийг Европ-Монголын хамтарсан Худалдаа, аж үйлдвэрийн Танхимын удирдлагууд өнөөдөр сэтгүүлчидтэй уулзахдаа онцлов.


Тодруулж хэлбэл, хөрөнгө оруулалт дээр урьдчилан тооцоолох боломжтой, ил тод, шударга, ойлгомжтой, энгийн орчин шаардлагатай байна гэж Европ-Монголын Худалдаа, аж үйлдвэрийн Танхимаас гаргасан “Монгол Улсын гадаадын хөрөнгө оруулалтын орчин ба саад бэрхшээл, урагшлах зам” гэсэн бодлогын санал бүхий бичигт тусгажээ. Энэ талаарх байр сууриа Европ-Монголын хамтарсан Худалдаа, аж үйлдвэрийн Танхимын гүйцэтгэх захирал Томаш Бравенец, ТУЗ-ийн нарийн бичгийн дарга Оливер Терлволл нар өнөөдөр сэтгүүлчидтэй уулзах үеэр илэрхийллээ.


Монголд хөрөнгө оруулалтын эерэг орчин, түүнийг ойлгох чадварыг нийгэмд дээшлүүлж сайжруулан, гадаадын хөрөнгө оруулалтын талаар олон нийт хоёрдмол ойлголттой байдгийг цэгцлэх шаардлагатай байна. Энэ нь шинээр хөгжиж буй улс орны эдийн засаг, нийгмийн гол хүчин зүйл болно гэдгийг Европ-Монголын хамтарсан Худалдаа, аж үйлдвэрийн Танхим онцолж байгааг Томаш Бравенец тодотголоо. “Монгол Улс гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг ихээр татдаг олон давуу талтай. Гэхдээ Монгол дахь хөрөнгө оруулалтын орчинг иж бүрнээр, цогцоор өөрчлөхгүй бол анхан шатны сонирхол ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалтыг авчрахгүй” гэдгийг онцолж байв.



Тэрээр Европ-Монголын Худалдаа, аж үйлдвэрийн Танхимын байр суурийг илэрхийлсэн “Монгол Улсын гадаадын хөрөнгө оруулалтын орчин ба саад бэрхшээл, урагшлах зам” гэсэн бодлогын санал бүхий баримт бичгийг мэргэжлийн шинжээчдийн судалгаа шинжилгээ болон тус Танхимын гишүүн байгууллага, ААН-үүдийн төлөөллийн санал хүсэлт дээр үндэслэн гаргасныг дуулгалаа. Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхэд тулгарч буй саад бэрхшээл, хүндрэлийг хэрхэн оновчтой даван туулж шийдэх вэ гэдэг дээр тус Танхимаас дараахь саналуудыг гарган тавьжээ. Үүнд:

  • Гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой хууль, эрхзүйд олон улсын гэрээг тусган боловсронгуй болгох,
  • Шүүхийн тогтолцоог зүй бусаар, урвуулан ашиглахыг багасгаж бууруулах, шүүхийн системийг ашиглахыг шаарддаг нөхцөл байдлыг болиулах.
  • Гадаадын хөрөнгө оруулалтыг авна, хийнэ гэдэг өөрийн улсын өрсөлдөх чадварыг харуулна гэсэн үг. Тиймээс ийм хандлагыг бий болгох, гадагшаа чиглэлсэн маркетингийг ийм байдлаар хийх.
  • Гадаад сурталчилгааг Монгол Улс бусад өрсөлдөгч орноос илүү хөрөнгө оруулалтын орчин сайтай, бизнес хийхэд нээлттэй орон гэсэн дохио мессежээр боловсруулж хийх.

Европ-Монголын хамтарсан Худалдаа, аж үйлдвэрийн Танхим Монгол Улсын Засгийн газрын цахим хөтөлбөрийг дэмжиж байна. Ингэхдээ дотоодын мэдээллийн технологийн салбарыг дэмжиж, дижитал гарын үсгийн хэрэгжилтийг бүрэн ханган сайжруулж, ААН-үүд татвараа цахимаар хялбар мэдүүлэн төлдөг байх нөхцөлийг бүрдүүлэхийг зөвлөжээ.


Европ-Монголын хамтарсан Худалдаа, аж үйлдвэрийн Танхим нь Монгол Улс, Европын хоорондох бизнес, худалдааг дэмжиж хамтын ажиллагааг нэгтгэх зорилгоор 2019 онд байгуулсан. 160 гаруй гишүүнтэй, 60 гаруй хувь нь Монголын компани, ААН-үүд байна. 

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ