Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг шинэчлэн тогтоолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-10-26 13:33:18

Баянхонгор /МОНЦАМЭ/. Үл хөдлөх хөрөнгийн татварын хувь хэмжээг хуульд заасан хамгийн бага хэмжээгээр буюу тухайн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээнээс 0.6 хувиар албан татварын хувь хэмжээг тогтоолоо. Аймгийн ИТХ-аас гаргасан тус шийдвэр цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалсан эдийн засгийн хямралын үед ААН, үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих зорилготой. 

Тодруулбал, Аймгийн ИТХ-ын ээлжит бус тавдугаар хуралдаанаар аймгийн хэмжээнд мөрдөгдөх үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг шинэчлэн баталсан юм. Ингэхдээ УИХ-аас 2021.07.07-ны өдөр "Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль"-ийг баталсан бөгөөд Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээнээс аймаг, нийслэлийн ИТХ тухайн хөрөнгийн байршил, зориулалт, хэмжээ, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн байдлыг харгалзан 0.6-2.0 хувиар тооцож ногдуулна гэж заасныг үндэслэжээ.

Ийнхүү аймгийн хэмжээнд:

-Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар - 0.6% 

-Газар тарилалан, мал болон байгалийн гаралтай түүхий эд, боловсруулах үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар - 0.6 % 

-Төрийн бус байгууллага, сан, шашин сүм хийдийн зориулалттаар ашиглагдаж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар - 0.6 % 

-Уул уурхай, ашигт малтмал боловсруулах үйлдвэрийн зориулалтаар ашиглагдаж байгаа үл хөдлөх хөрөнгийн албан татвар 1 %

-Түгээмэл тархацтай ашигт малтмал боловсруулах үйлдвэрийн зориулалтаар ашиглагдаж буй үл хөдлөх хөрөнгийн албан татвар - аймгийн төвд 0.9 %, сумдад - 0.7 % 

-Архи, согтууруулах ундаа үйлдвэрлэх, түүгээр үйлчлэх, худалдан борлуулах, болон ийм төрлийн зориулалтаар ашиглагдаж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар - 1  хувь байхаар тус тус батлав.

Холбоотой мэдээ