Бэлчээрийн ургамлын гарц ямар байгааг гар утаснаасаа мэддэг болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-07-07 18:23:57

Нутагт нь цаг агаар ямар байх, бэлчээрийн ургамлын гарц хэр байгааг  Дундговь аймгийн Адаацаг, Эрдэнэдалай сумын малчид гар утасны мессежээр мэддэг болоод байна. Мессеж үйлчилгээг эхлүүлээд сар гаруй болж байгаа бөгөөд энэ хугацаанд 140 гаруй иргэн мессеж илгээн мэдээлэл авчээ.

 Тодруулбал, малчид өөрийн аж  төрж буй сум, багийн бүсчлэлийн кодыг 98018000 дугаарт мессэжээр илгээх бөгөөд ингэхдээ 1- 3 хоногийн цаг агаарын мэдээ авах бол 1, 4- 6 хоногийн мэдээ авах бол 2- ын тоог тус тус бичих юм. Үүний хариуд тухайн багийн нутагт цаг агаар ямар байх талаар хариу мэдээлэл ирнэ. Харин бэлчээрийн ургамлын гарцын талаар мэдээлэл авах бол 3- ын тоог мессэжээр илгээнэ.

Жишээлбэл өнөөдрийн байдлаар Эрдэнэдалай сумын нутагт бэлчээрийн ургамлын гарц 22.9 кг. га байгаа бол 60 хоногийн дараа 114.47 кг.  га болох, Адаацаг сумын нутагт 36.33 кг. га байгаа бол мөн 60 хоногийн дараа 171.36 кг. га болж сайжрах тухай мэдээлэл гар утсанд мессэжээр ирж байна.

Энэ маягаар малчид мессэжээр мэдээлэл авдаг болсон бөгөөд энэ нөхцлийг Мерси Кор байгууллагын хэрэгжүүлж байгаа “ Гамшгийн эрсдлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь” төслийн хүрээнд бүрдүүлжээ. Гар утсандаа цаг агаарын мэдээг хүлээн авахдаа ашиглах Адаацаг, Эрдэнэдалай сумын төв болон тус сумын 11 багийн бүсчлэлийн код болон мессеж илгээх тухай зааварчилгааг төсөл хэрэгжүүлэгч байгууллага бэлдэн малчдын гарт хүргэсэн байна.

 “ Гамшгийн эрсдлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь” төсөл Америкийн олон улсын хөгжлийн агентлагийн харъяа Гамшигт нэрвэгдсэн гадаадын орнуудад тусламж үзүүлэх газрын санхүүжилтээр Монгол Улсын 69 суманд хэрэгжиж байгаа бөгөөд Дундговь аймгаас дээрхи хоёр сум багтжээ.

Т. Отгонтуяа

 

 

Холбоотой мэдээ