Цахим гарын үсгийн тухай хуулийг хэлэлцсэнээр чуулган түр завсарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-10-28 13:23:10
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. 


Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар Монгол Улсын иргэн, хуулийн этгээдэд тоон гарын үсэг хэрэглэхээр заасныг өөрчилж, гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн тоон гарын үсэг, хуулийн этгээд цахим тамга хэрэглэхээр тусгалаа. Ингэхдээ Монгол Улсын 16 насанд хүрсэн иргэн бүрд тоон гарын үсгийн гэрчилгээг үнэ төлбөргүй олгож, түүний иргэний үнэмлэхийн санах ойд тоон гарын үсэг хэрэглэхтэй холбоотой мэдээллийг байршуулахаар зохицуулжээ. Мөн хүн, хуулийн этгээд тоон гарын үсэг, цахим тамга хэрэглэхээс гадна хүн, хуулийн этгээдийн хэрэглэх бусад цахим гарын үсгийн тоо, хэлбэрт хязгаар тогтоохгүй байхаар заасан байна.


Гол гол зохицуулалтыг тоймловол, Цахим гарын үсгийн тухай хуулиар гэрчилгээний хүчинтэй хугацааг 2 жил хүртэл байхаар иргэн, хуулийн этгээдэд олгох гэрчилгээний хугацаанд ямар нэгэн ялгаа тогтоолгүй олгож, тэр бүрдээ гэрчилгээний үнэ буюу тоон гарын үсэг болон тоон гарын үсгийн хэрэгсэл, үйлчилгээний хөлс авч байгааг өөрчилж, гэрчилгээг иргэнд 5 жил, гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээдэд 3 жилийн хугацаагаар олгохоор тус тус зохицуулжээ. Түүнчлэн гадаадын иргэн хүсэлт гаргаж тоон гарын үсэг авч болох зохицуулалтыг шинээр тусгаж, түүний оршин суух хугацаагаар, эсхүл 5 жилээс дээш хугацаагаар оршин суух бол гэрчилгээг 5 жилийн хугацаагаар олгохоор оруулсан байна. Мөн гадаад улсын гэрчилгээг Монгол Улсад хүлээн зөвшөөрөх тохиолдлыг гадаад улс орнуудын жишигт нийцүүлэн өөрчилж, гадаад улсын гэрчилгээжүүлэх байгууллага нь энэ хууль, холбогдох журамд заасан шаардлагыг хангаж байгаа талаар харилцаа холбоо, мэдээллийн технологийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын шийдвэр гарсан, Монгол Улстай байгуулсан олон улсын гэрээгээр гадаад улсын гэрчилгээжүүлэх байгууллагын гэрчилгээг хүлээн зөвшөөрсөн байх нөхцөлийг тусгасан байна.


Төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Хууль зүйн болон Инновац цахим бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Учрал танилцуулав. Байнгын хороод төслийн зүйл бүрээр нь хэлэлцсэн бөгөөд ажлын багаас боловсруулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоо санал хураан шийдвэрлэжээ. 


Ажлын багаас хүн, хуулийн этгээд цахим гарын үсгийн гэрчилгээ эзэмшсэний үндсэн дээр цахим гарын үсэг ашиглах бөгөөд энэ харилцаа нь нийтийн түлхүүрийн дэд бүтцээр дамжин хэрэгжих тул “Нийтийн түлхүүрийн дэд бүтэц" гэсэн нэр томьёонд цахим гарын үсгийн нууцлал, аюулгуй байдлыг хангах асуудлыг нэмж тусгах санал гаргажээ. Мөн мэдээллийн системд нэвтрэх үед тухайн хүн мөн эсэхийг таньж баталгаажуулах, өөр хүн нэвтрэхээс сэргийлсэн зохицуулалтыг төсөлд нэмж тусгах, тоон гарын үсэг зурахад ашиглах мэдээллийн систем нь цагийн бүртгэлийн системтэй заавал холбогдсон байх, харин бусад хэлбэрийн цахим гарын үсэг зурахад ашиглах систем нь цагийн бүртгэлийн системд холбогдох асуудал нээлттэй байх санал боловсруулсан байна. 


Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, С.Ганбаатар, Б.Баттөмөр нар асуулт асууж, хариулт авлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, хуулийн төслийг бизнесийн зорилгоор ашиглахын эсрэг хаалт байгаа эсэхийг лавлав. Мөн цахим гарын үсгийн тогтолцоо нь уламжлалт аргаас шинэчлэлийн ямар ялгаа байгаа, гуравдагч этгээд хуурамчаар үйлдэх, хакердах тохиолдлоос хэрхэн сэргийлсэн тухай асуулаа. Түүнчлэн цахим гарын үсгийн программ зохион бүтээхэд үндэсний компани оролцох боломжтойг тодруулж байв.


УИХ-ын гишүүн Н.Учрал гишүүний асуултад хариулахдаа, Манай улс 2011 онд цахим гарын үсгийн тухай хуулийг баталсан, хэрэглээнд оруулах гэж оролдсон ч нийгмийн даатгалын тайлан өгөх, төрийн худалдан авах ажиллагаанд оролцоход л хэрэглэж байна. 

Тэрбээр, "10 жилийн хугацаанд 38 мянган тоон гарын үсэг тараагдсан нь маш бага тоо. Одоо ажиллах эрхтэй дөрвөн компани тоон гарын үсгийг гэрчилгээжүүлж байгаа юм. Энэ хуулийг баталснаар тоон гарын үсгийг өргөн хэрэглээнд нэвтрүүлэх зорилт дэвшүүлнэ. Үүнийг хувийн байгууллага биш, улсын бүртгэлийн байгууллага нэг удаа иргэн бүрд иргэний үнэмлэх авах үед нь тоон гарын үсэгт суулгахаар шийдэж байгаа юм.

Тоон гарын үсэг уншдаг хэрэгслийн тусламжтай дуртай компьютерт залгаж гарын үсгээ уншуулж баталгаажуулах боломжтой. Иргэн бүр ийм гарын үсэгтэй болсноор нийгмийн даатгалын тайлан өгдөгтэй ижилхэн хэрэглэх боломж бүрдэнэ" гэдгийг тайлбарлав. 


Нэмэлтээр иргэн хүн хэдэн ч тоон гарын үсэг хэрэглэх боломжтой тул бизнесийн зарчмаар эрх бүхий компаниуд тоон гарын үсэг олгож болно. Ингэхдээ, "cloud" орчинд, эсхүл "token" хэлбэрээр авах боломжтойгоор гадна албан тушаалын гарын үсэг ч байж болох юм байна. 


Үндэсний дата төвийн серверийг ашиглаж, дотоодод программ хангамжаа хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай ч дэд бүтцийн асуудал тулгамдаж буйг тодотгов. Одоогоор, үүрэн телефоны оператороос эхлээд гадаадын компанийн сүлжээн дээр ажиллаж байгаа жишээ олон байгааг дурдав. Тиймээс Нийтийн мэдээллийн тухай хуулиар дэд бүтцийн асуудлыг тодорхой болгох шаардлагатайг хэлэв. Мөн Кибер аюулгүй байдлын тухай хуулиар аюулгүй байдлыг хэрхэн хангах асуудлаар хаалттай хуралдах шаардлагатайг дурдлаа. 


Ийнхүү хэлэлцээд чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. Үдээс хойших хуралдаан 14.00 цагт эхлэх бөгөөд дээрх хуулийн төслийн 25 зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураах юм.

Холбоотой мэдээ