Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг танилцуулах сургалт болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2021-10-28 14:23:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам /ХНХЯ/-наас төрийн захиргааны албан хаагчдад зориулсан сургалт зохион байгууллаа.


Сургалтыг ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр нээж, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын Монгол Улс, БНХАУ-ыг хариуцсан товчооны захирал Чан Хи Ли-гийн мэндчилгээг дэвшүүлж, сургалтад оролцогчдод ажлын амжилт хүссэн байна.


Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2021 оны 7 дугаар сарын 2-нд УИХ-аар баталсан. Тус хуулийг 2022 оны 1 дүгээр сарын 1-нээс дагаж мөрдөнө.


Энэ хүрээнд хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах чиглэлээр хөдөлмөр, нийгмийн түншлэлийн талуудтай хамтран ажиллаж, хуулийн талаарх сурталчилгаа, сургалт, мэдээллийг хүргэж байгаа юм байна. Энэ сарын 20, 21-нд нийгмийн түншлэгч талууд, аж ахуйн нэгж байгууллага, холбогдох газруудыг хамруулсан Хөдөлмөрийн тухай шинэ хуулийг орон нутагт сурталчилах сургалт зохион байгуулсан.


Энэ удаагийн сургалтаар ХНХЯ-ны Хөдөлмөрийн харилцаа, цалин хөлсний хэлтсийн дарга Б.Алимаа “Хөдөлмөрийн тухай хуулийн нийтлэг үндэслэл, хамтын харилцаа, хөдөлмөрийн сонирхлын маргаан”, “Ажил, амралтын цаг, цалин хөлс”, “Нийгмийн түншлэл, хөдөлмөрийн удирдлага” сэдвээр илтгэж, хэлэлцүүлэг өрнүүлэв.


Мөн Хөдөлмөрийн харилцаа, цалин хөлсний хэлтсийн ахлах шинжээч Ш.Маяа “Хөдөлмөрийн гэрээний төрөл, нэмэлт нөхцөл, хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулалт” сэдвээр, хуульч, судлаач Ц.Батнасан “Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн сахилга, хөдөлмөрийн гэрээний талуудын хүлээх хариуцлага” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.



Өнөөдрийн сургалтад яамд болон харьяа байгууллагын төрийн захиргааны 50 гаруй албан хаагчид оролцжээ.


Хуулийн гол зорилт хөдөлмөрийн зах зээлд хөрвөх чадвартай боловсон хүчин бэлтгэх, ажилтан, ажил олгогч, нийгмийн түншлэлүүдийн зохистой харилцааг бий болгох, манай улсын хөдөлмөрийн зах зээлийг олон улсын хөдөлмөрийн зах зээлийн чиг хандлагатай уялдуулж тал талын зохистой харилцааг бүрдүүлсэн цогц хууль болгох юм байна.



Холбоотой мэдээ